Дархан-Уул аймгийн Дархан сумын “Дархан халдун” ХХК-ийн харьяа “Гурван сайхан” фермийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Билгийн тооллын XYII жарны Модон могой жилийн “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” -ээр шалгарууллаа.
Сүүний үхрийн фермийн үүсгэн байгуулагч, захирал Б.Батмөнх нь фермээ 2021 онд үүсгэн байгуулж мах-сүүний хосолмол ашиг шимт Симменталь үүлдрийн үхрийг сонгож үржүүлэн Дархан хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, 10 иргэнийг байнгын, жилд 20-30 иргэнийг түр ажлын байраар хангаж байна.
Тус ферм нь 2023 он 60, 2024 он 288, 2025 он 291 толгой үхэр тоолуулж өсвөр үхрийн кластер фермийг хослуулан хөгжүүлэх зорилт тавьж, цаашид өсвөр үхэр болон мах бэлтгэлийн ферм болгон хөгжүүлэх үндсэн зорилготой.
Нэг үнээнээс 2023 онд 10-16 литр сүү сааж 18 тонн, 2024 онд ашиг шимийг нь нэмэгдүүлэн саалийн дундаж хэмжээг 17 литр болгон өсгөж 150 тонн, 2025 онд 236 тонн сүүг тус тус үйлдвэрт нийлүүлсэн байна. Компанийнхаа 880,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар фермийнхээ үхрийн 250м2 талбай бүхий өвлийн байрыг өргөтгөн 1875м2 талбайтай болгож, дулаан хангамжийг нарны эрчим хүчний эх үүсвэрээр шийдэж, өвлийн цаг уурын нөхцөлд тааруулан байран маллагаанд нийцүүлжээ.
Мөн фермийнхээ тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 45,0 сая төгрөгөөр хийж, сүүлийн жилүүдэд 40-60 га талбайд Эрдэнэшиш, 50-80 га талбайд ногоон тэжээл тариалж өөрийн малын тэжээлийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ба бусад иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлж байна.




