Булган аймгийн Могод сумын малчин С.Батхуяг, Б.Оюунцэцэг нар Улсын аварга малчин болжээ. Тэд 30 гаруй жил мал малласан ба энэ жил 2000 гаруй толгой мал тоолуулсны 1100 нь адуу гэнэ. Малчин С.Батхуяг Булган нутгаасаа төрөн гарсан анхны “Мянгат адуучин” болжээ. Гал морин жилийн босгон дээр Булган аймгийн хэмжээнд 6 Улсын аварга малчин төрсний нэг нь малчин С.Батхуягийнх. Түүний хувьд удам дамжсан малчин бөгөөд аав Сүрэнхор нь адуучин байсан бол ээж Лхагваа нь “Улсын аварга саальчин” юм. Тэрбээр адуун сүргийнхээ чанар, үүлдэр угсааг сайжруулан, Могод сумынхаа 12 дахь Улсын аварга малчин болж байгаа ба шагналыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут гардуулан өглөө.




