horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

А.Батцэнгэл: Цагаан сараар сайн хүнтэй уулзаж, сайхан зүйлийг ярилцсанаар нас нэмэх ч боломжтой

post-img

Монголын бурхан шашны төв гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэлтэй сар шинийн баярын ач холбогдлын талаар ярилцлаа.

-Сар шинийн баяр Монголчуудын хувьд жилд тохиодог онцгой чухал баяруудын нэг байдаг. Чухам ямар учраас бид ингэж их ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэх учиртай талаар та тайлбарлаж өгөөч?

-Цагаан сараар жил солигддог. Аливаа нэгэн цаг хугацаа, аливаа нэгэн үйл хэрэгт эхлэл  дунд хэсэг, төгсгөл аль аль нь  чухал байдаг. Тэр дундаа эхлэл болоод төгсгөл тун чухал. Сар шинийн баяраар жил эхэлдэг. Жилийн цоо шинэ давтамж эхэлж байна. Энэ үед бид сэтгэлээ засах, зөв бодлыг өөртөө төрүүлэх, сайхан зүйлийг бодож төлөвлөж төсөөлж явах хэрэгтэй. Бидний сэтгэл санаа  зөв байхын хэрээр дараа дараагийн олон зүйл зөв болно. Сэтгэл санаа буруу бол хэчнээн сайхан үйл хэрэг хийгээд ч үр дүн багатай. Энэ үүднээсээ цагаан сарын баяр тун чухал цаг үе байдаг. Бурханы шашин талаасаа тайлбарлавал цагаан сарын шинийн 1-нээс шинийн 15 бол бурхан багшийн онцгой рид хувилгаан үзүүлсэн өдрүүд тохиодог. Ер нь цаг хугацааг дотор нь олон янзаар ангилж байгаагийн дотор онцгой дүйчин өдрүүд гэж бий.  Ийм онцгой өдрүүдэд хийсэн буян ч хүчтэй, нүгэл ч хүчтэй болдог. Мөн газрын онцлог бий. Ямар газар буян хийж байна, эсвэл нүгэл хийв? Тэр нь газрын онцлог шингэж хүч нь нэмэгддэг.

Тэгэхээр бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн цаг үед дотоод сэтгэлдээ анхаарал хандуулаад зөв сайхан зүйлийг бодоод явбал ирэх жилд эерэг сайхан зүйлс олон тохиох нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Номд гардаг үндэс нь эм байвал үр жимс нь эм болно, үндэс нь хор байвал үр жимс нь хор болдог. Мөн ялгаагүй эх нь булингартай бол адаг нь булингартай, шинийн нэгнээ андуурвал 15-наа хүртэл андуурна гээд зөндөө олон зүйл байдаг юм. Жил эхэлж байгаа энэ үед бид аль болох онцгой сайхан зүйлсийг бодож байх нь зүйтэй. Энэ үеэр өөрийн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ер нь цагаан сар их сайхан баяр шүү дээ. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Зорин очиж золгодог гэдэг утгаараа л маш сайхан баяр шүү дээ.

-Сар шинийн баяр уламжлал талаасаа ч их ач холбогдолтой баяруудын нэг шүү дээ?

-Монголчууд бидний онцгой зүйлүүд байх ёстой. Сар шинийн баяр бидний уламжлалт соёлыг агуулж байгаа гэдэг утгаараа онцгой. Энэ соёл нэг өдрийн баярын тухай асуудал биш. Аав ээж ахмад настандаа зорин очиж хүндэтгэл үзүүлдэг онцгой баяр. Анх би 1992 онд Энэтхэг явах үед манай буурай эмээ надад 1 зүйлийг захиж хэлж байсан. Гэрээсээ хол байх хугацаандаа өдөрт 1 удаа ээж минь гэж хэлж байгаарай гэсэн. Энэ бол маш гүн гүнзгий утгатай үг байна. Бид нэг удаа ээж минь гэж хэлэх, нэг удаа аав ээжрүүгээ зорьж очиж золгоно. Очих очихдоо хүндэтгэлтэй, ёслол төгөлдөр хүндэтгэл үзүүлнэ гэдэг хэчнээн чухал вэ? Энэ утгаараа цагаан сар их сайхан баяр.

-Цагаан сараар бид ирсэн зочдынхоо гар цайлгадаг. Үүнийг хүмүүс эсэргүүцээд байдаг юм билээ. Энэ тухайд?

-Бэлэг авах дургүй хүн байдаг билүү? Бэлэг өгнө гэдэг өглөгийн буяндаа орно. Хүнд хэрэг болоосой гээд бэлэг өгөх чинь өглөг өгч байгаа хэрэг. Сар шинийн баяраар сайхан зүйлийг ярьж, муухай зүйл ярихыг цээрлэдэг. Монголчуудын айхтар философитой үг байна. Амны билгээс ашдын билэг гэж. Барууны сэтгэл зүйчид одоо бас яридаг болсон. Муухай зүйлийг ярихаар тухайн зүйлээ дууддаг гэж. Ялангуяа өөрийнхөө талаар муухай зүйл битгий ярь гээд байгаа чинь учиртай. Тийм учраас бид сар шинийн баярын өдрүүдэд сайхан зүйлийг ярьж, сайхан зүйлийг ерөөж байна гэдэг тэр үгийн ард аливаа зүйлийн чиглэл тавигдаж байдаг.

-Зурхайн ухаанаар гэхдээ тухайн жил ямар жил болох талаар урьдчилан зөгнөдөг шүү дээ. Зөвхөн амны билгээс гадна байгаль дэлхийн уур амьсгалд бол бид нөлөөлөх боломжгүй биз дээ?

– Зурхайн ухаан талаасаа хэчнээн сайхан жил гарлаа гээд байдаг. Хүмүүс нь хямралдаад зөрчилдөөд л дайн тулаан хийгээд байвал түүн шиг муу жил байхгүй болно. Зурхайн ухаанаар муу жил гарлаа гээд байхад өөрсдөө хичээгээд муу юм хийхгүй сайн сайхан зүйл хийгээд байвал тэр сайн сайхан л жил болно шүү дээ. Энэ байгаль дэлхий маань бидний сэтгэлийг их дагадаг. Хур бороо орно салхи шуургатай гэдгийг урьдчилж тооцоолж болдог. Ерөнхийдөө таардаг. Гэхдээ хур бороо элбэг дэлбэг байна гэдэг хүмүүсийн буяны үр дагаварт ирдэг. Хоорондоо хямраад л асуудал тэмцэл үүсгээд л байвал салхи шуурга дэгдээд их тогтворгүй болдог юм байна. Айл гэрээр аваад үзвэл эмх цэгцтэй айлд тав тухтай байна биз дээ. Эмх цэгцгүй ундуй сундуй айлд орохоор тухгүй суудаг. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр байгаль дэлхий бидний амьдарч буй гэртэй адилхан. Хүмүүс нь эмх цэгцтэй, зөв ёс суртахуунтай, ялангуяа нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандаад байвал байгаль дэлхий ч гэсэн дагаад амгалан тайван болдог.

– Зөвхөн сайн сайхныг яриснаар биелэх бололцоо мэдээж шууд бүрдэхгүй байх.

– Утгын хөгшид үгийн таяг тулна. Утгыг бид үгээр илэрхийлдэг. Хэн нэгэн хүн миний талаар сайхан зүйл яривал надад таатай биз дээ. Сайхан зүйлийг сонсвол надад таатай шүү дээ. Яг үүн шиг бидэнд сайхан үг хэлж, сайхан зүйлийг ярих нь сайны л үр дагуулна. Говийн ноён хутагт Данзанравжаагийн урт наслах 7 чагтага гэж бий. Тэдгээрийн нэг нь “Сайн хүнтэй уулзаж, сайхан зүйлийг ярилцах”  гэдэг. Сайн хүнтэй уулзаж сайхан зүйлийг ярилцсанаар тухайн хүний нас уртсах нь байна шүү дээ. Бид тэгэхээр цагаан сараа сайхан тэмдэглээд нас нэмэх ч боломж бүрдэж байгаа хэрэг.  

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

0/1000