Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгАмьжиргааны доод түвшин амь зуулгад хүрэх эсэхийг тооцдоггүй
- 2026/02/25

- 3 өдрийн өмнө

- 2 мин уншина

Үндэсний статистикийн хороо 2026 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталснаа зарлав. Энэ дүн ноднингийнхоос 9 хувиар нэмэгдэж, нийслэлд амьдрах амьжиргааны доод түвшин 543.700 төгрөг болжээ. Үүний хэдээр нь гурил, мах авч, хэдийг нь мод, шахмал түлшинд өгч, хэдээр нь автобусанд суун, хэдээр нь цахилгааны төлбөрөө өгч, хэдээр нь өвлийн хувцас авах ёстой юм бол? Ийм задаргаа байх учиртай. Үүнийг нэгбүрчлэн тооцож байж, 543.700 гэдэг тоог гаргаж ирсэн байлгүй.

Гэтэл энэ мөнгөөр Улаанбаатар хотод хэн нэгэн амьжиргаагаа залгуулж хүрэх эсэхийг ҮСХ огт тооцдоггүй. Өнгөрсөн жилийн амьжиргаажих доод түвшин дээр 1 жилийн инфляцыг нэмээд л амьжиргааны баталгаажих доод түвшин гэх мөнгөн дүнг гаргачихдаг.

Уг нь амьжиргааны доод түвшинг жил бүр бүс бүрээр шинэчлэн тогтоож байгаа нь ийм хэмжээний мөнгөөр тухайн бүсэд 1 хүн амь зууж хүрэх юм байна гэдэг ойлголт өгч байгаа. Гэвч энэ тооцооны задаргааг ҮСХ огт шалгадаггүй. Тэгэхээр нэрнээсээ л огт өөр ойлголт төрүүлэх амьжиргааны доод түвшин гэх нэршлийг ч өөрчлөх шаардлагатай болж таарч байна.

Сонирхуулахад Монгол Улсынх шиг амьжиргааны доод түвшинг тооцож гаргадаг улс орнуудын хувьд ихэнх нь социалист засаглалтай, эсвэл социалист засаглалаас гарсан улс байдаг. Харин АНУ шиг өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд амьжиргаажих доод түвшинг нас, хүйс зэргээр нь харгалзан, өөр өөрөөр тооцдог байна. Бодоод үзэхэд 1 настай хүүхэд, 20 настай бүсгүй, 50 настай эрэгтэй гээд нас, хүйсээсээ хамаараад, амьжиргааны хэрэгцээ харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Харин Монгол Улсын амьжиргааны доод түвшинг тодорхойлохдоо тэр мөнгөөр хүн амь зууж хүрэх эсэхийг огт тооцдоггүй энэ дүгнэлтийг яах гэж жил бүр шинэчлэн тогтоодог нь анхаарал татна.

Монгол Улсын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийг тооцоход ч амьжиргааны доод түвшинг огт үндэслэдэггүй юм байна. Амьжиргааны доод түвшин ганцхан зүйлд хэрэг болдог. Тэр нь хүүхдийн тэтгэмж тогтооход шүүх дээр хэрэгтэй. Гэр бүлээ цуцлуулсан иргэн 11 хүртэлх насны хүүхдэдээ амьжиргаажих доод түвшний 50 хувиар, 11-18 насны хүүхдэд бол амьжиргаажих доод түвшинг 100 хувиар тооцож, сар бүр тэтгэмж олгодог.

Гэхдээ хүүхдийн тэтгэмж тогтоох гол үндэслэл болж байгаа амьжиргааны доод түвшин хүүхдийн хэрэгцээг бүрэн хангаж хүрэх эсэхийг ч огт нягталж үзсэн судалгаа манай улсад алга байна. Тэгэхээр амьжиргааны доод түвшинг жил бүр шинэчлэн тогтоож байгаа энэ ажил өөрөө ямар нэгэн үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Шаардлагатай үгүй нь тодорхойгүй, бодитой судалгаа задаргааг ч өөртөө агуулаагүй амьжиргааны доод түвшин зэрэг нэршлийнхээ үүргийг ч биелүүлдэггүй ийм хэрэггүй ажил манай төрийн байгууллагад хэд байдаг бол гэдэг нь анхаарал татаж байна.

- Шинэ
- Хандалттай