horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газартай шүүхдэлцсэн “Ачит-Ихт” компани ялагдлаа

post-img

Улсын дээд шүүх өчигдөр “Ачит-Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит-Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, … түүнчлэн “Ачит-Ихт ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК (хуучин нэрээр)-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох эрх бүхий хүмүүст тус тус даалгажээ.

“Ачит-Ихт” ХХК уг шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, “… Засгийн газар маргаан бүхий акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн, эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргах журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргасан …” гэж давж заалдсан байна. Харин ЗГ “Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Маргаан бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн үр дагавар арилсан. Нэхэмжлэгчид сэргээгдэх ашиг сонирхол байхгүй. Иймд уг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эл хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд, “Ачит-Ихт” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. “Ачит-Ихт” ХХК давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан аж. Улсын дээд шүүх үүнийг хэлэлцээд, Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсгээр “Ачит-Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгыг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Харин уг шийдвэрийн агуулгын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т “…нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн…” нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлт оруулав.

Засгийн газар энэ асуудлыг нэхэмжлэгч “Ачит-Ихт” ХХК-тай одоо явагдаж буй хэлэлцээрийн үр дүнг харгалзан, дахин шинээр акт гаргах замаар шийдвэрлэх хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүллээ.

Энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д “…шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох…” гэж заасны дагуу Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсэг хүчингүй болох үр дагавартай.

0/1000