Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

“Алтан тариа” компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүний нийтлэлийг хүргэж байна.

Хүн оюун ухаанаараа амьтнаас ялгардаг. Өөртөө хэрэгтэй зүйлээ бүтээж, илүү бүтээснээ бусадтай солилцох чадвар зөвхөн хүнд л бий. Бараа солилцоо, арилжаа наймаа хүнийг амьдрах дулаан байртай, өмсөх хувцастай, идэх хоолтой болгосон. Хэдий чинээ арилжаа солилцоо чөлөөтэй явагдана, төдий чинээ улс орон хөгжин цэцэглэдэг билээ. Үүнийг чөлөөт зах зээл гэнэ.

Арилжаа наймаанд үнэ ханш хамгаас чухал зүйл. Арилжаа нь худалдагч, худалдан авагч хоёр талын хоорондоо сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд хоёуланд нь ашиг тусаа өгдөг. Тухайн барааны үнийг хэрэглэгч худалдан авснаар тогтоодог. Зах зээлд өрсөлдөөн байнга явагдах тул өндөр үнэтэй барааг хүн авахгүй, хямд бол түргэн дуусна. Тиймээс аливаа барааг хэрэглэгч субъектив үнэлгээгээр хандаж худалдан авдаг.

Үнэ өөрөө асар их мэдээлэл агуулдаг. Үнэ зах зээлд мэдээлэл дохио дамжуулж хувь хүмүүст үйлдвэрлэл, арилжаа солилцоо хийх сэдэл төрүүлдэг. Үнэ бол нэг ёсны харилцаа холбооны систем юм. Хувь хүн бүрийн мэдлэг янз бүр тул олж авч буй мэдээллүүд бас янз бүр байдаг. Сая сая хүмүүсийн тархай бутархай мэдлэг тухайн орчин, цаг хугацаанаас хамаарч барааны үнийг байнга өөрчилж янз бүр тогтоодог үнийн системийг аяндаа бүрдүүлдэг. Тиймээс үнэ бол сая сая хүмүүсийн янз бүрийн мэдлэгийн нийлбэр юм. Үүнийг ил тод үл үзэгдэх чөлөөт зах зээл гүйцэтгэдэг.

Энэхүү мэдлэгийн нийлбэрийг хэн нэг гоц ухаантан юм уу шидтэй төлөвлөгч гэх хүн яав ч нэгтгэж гаргах боломжгүй. Төвлөрсөн төлөвлөгөөн дээр тулгуурласан эдийн засаг нь яагаад бүтэхгүй гамшиг дагуулдаг гол учир шалтгаан нь сая сая хүмүүсийн тархай бутархай мэдлэг дээр тогтдог үнийн зохицол буюу калкуляц хийх ямар ч боломжгүй байдагт оршино. Бодит амьдрал дээр огт боломжгүй зүйлийг болгох гэж оролдсон –изм нь социализм байлаа. Зөвхөн ҮНЭ л социализм нь утопи зүйл гэдгийг хангалттай баталж харуулсан билээ. Үйлдвэрлэлийн хэрэгсэл нь улсын буюу төрийн мэдэл байж төвлөрсөн төлөвлөгөөний дагуу эдийн засгийг хянаж удирдахыг социализм гэдэг. Бид 70 жил түүнийх нь золиос болж увайгүй ядуу орны нэг болж явсан нь саяхан.

Гэтэл өнөөдөр 36 жил ардчилсан гэх замаар яваа ч төр нь бараа, үйлчилгээний үнэ, нийлүүлэлтэнд хутгалдан оролцсон хэвээрээ. Өдөр бүр нүүрс, зэс, алт, төмөр зам, цахилгаан, дулаан гэх бараа комодит таваартай зууралдана. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх олборлох аж ахуйн 21 төрийн компаниудыг удирдаж хянах нь үндсэн ажил чиг үүрэг нь болчихсон. Тиймээс Монголын төр социалист төр болж хувирсан.

Нэгэнт л төрд өмч төвлөрүүлж дээрх бараа таваарын үйлдвэрлэл, нийлүүлэлтэнд төр оролцож буй тул үнэ-мэдлэгтэй өдөр бүр тулгарах нь гарцаагүй. Цөөн тооны хэрэг эрхлэхийн төрийн албатнууд тархай бутархай мэдлэгийг төвлөрүүлэн нийлүүлж төвлөрсөн төлөвлөгөөнд оруулж удирдах гэж оролдох нь байнга алдаа дутагдалтай шийдвэр гаргахад хүргэдэг. Тод жишээ нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Төмөр зам гээд бүгд ижил байнга асуудал дагуулдаг төрийн хөрөнгө оруулсан төслүүд. Алдааны суурь нь төр нь газар шороо ухаж олборлох үйлдвэрлэл эрхэлж буй явдлаас эх үүсвэртэй. Социалистуудын улайран дайрч буй төрийн аливаа нэг үйлдвэрийн хөрөнгө оруулалт, мега төсөл, бүтээн байгуулалт нь зөвхөн дараачийн бүтэлгүйтэл, авлига хээл хахууль, гамшиг, инфляц авчирна. Гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, хадгалах агуулах сав, зэсийн үйлдвэр гэх мэт өөрсдийгөө гоц ухаантай гэж үздэг хүмүүсийн нимгэн мэдлэг улс оронд хэр их хор уршиг авчирч буй ухамсарлаж ойлгох эрх мэдэлтэн байхгүй биз ээ. Харвардын профессор Роберт Баррогийн “Төр шинээр үүсэх зардлаа яаж санхүүжүүлэх нь буюу зээл авах, татвараас илүүчлэх эсхүл шинэ мөнгө хэвлэн гүйлгээнд гаргах нь ямар ч ялгаагүй хэрэг. Ямар ч тохиолдолд нэг л ижил үр дүнд хүргэдэг. Энэ нь өндөр өртөг, илүү хурц инфляц.” гэсэн нь төр баялаг бүтээгч биш гэдгийг харуулна.

Монголын төр зөвхөн экспортыг дэмжих, импортыг хязгаарлах хоцрогдсон меркантилизм бодлого баримтална. Mеркантилизм нь нийгмийг хоёр хувааж тусгай давуу эрхтэй хэт баян албатууд, увайгүй ядуу зүдүү жирийн олон иргэд үүсгэдэг. Мерканталистууд экспортыг бүрэн монопольчилдог. Тусгай давуу эрх эдэлсэн төрийн монополь нь өрсөлдөөнийг боож хувийн хэвшлийг шахан зайлуулж төрийг улам данхайлгадаг. Данхар төр бол социалист төрийн нэг хэлбэр.

Хүчирхийлэл үйлдэж хувийн өмчид халдаж өмч хураахыг социалистууд л хийж чаддаг. Данхар монополь нь инновац, шинэ санаачлалыг устгаж хөгжилд гай авчирдаг түүхтэй. Социалистууд хэдийгээр тэгш байдал амалдаг ч үнэн хэрэг дээрээ өөрсдийн цөөн элитүүдийг хөрөнгөжүүлж нийгэмд баян хоосны зөрүүг улам нэмэгдүүлдэг, нийтээрээ чинээлэг хөгжиж цэцэглэхийг үгүй хийдэг. 100 жилийн түүхтэй тэд өнөөдөр дөрвөн хүний нэгийг ядууралд нэрвэгдүүлж (1 сая ядуустай) Монголыг “ядууралд хүрэх зам”-д хөтөлж явна.

Аль ч нам нь хамаагүй эдийн засагт төр хутгалдаж бараа таваарын үйлдвэрлэл эрхлэхийг дэмжиж буй улс төрч бүр социалист-зүүний үзэлтэн байдаг. “Нийгмийн сайн сайхны төлөө” хувь хүмүүсийн эрх чөлөө, эд хөрөнгийг золиослох нь тэдний нийтлэг мөн чанар нь байдаг. Харин нэгдмэл үзэл санаа нь эв хамтач ёс-коллектив үзэл юм. Хүчээр хамтрал байгуулах Марксын солиорол хорвоогийн 100 сая хүн ам амь насаараа хохирсон түүхтэй.

Үйлдвэрлэл, бараа таваарын нийлүүлэлтийг хэдий чинээ хувийн хэвшил нь эрхэлнэ төдий чинээ улс орон цэцэглэн хөгждөг. Сая сая хүмүүсийн тархай бутархай мэдлэг дээр тулгуурласан өөрөө аяндаа бүрдэн тогтдог үнийн зохицол хамгийн сайн чанартай, хамгийн хямдыг зах зээлд нийлүүлдэг жамтай. Тиймээс төр нь амласан нийгмийн халамж бүхий тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү анхаарал хандуулж бараа таваарын нийлүүлэлтийг хувийн хэвшилдээ орхих нь цор ганц “ядуурлаас гарах зам” бөглөө.

“Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал: П.ЦЭНГҮҮН

- Шинэ
- Хандалттай