Дорнод аймгийн Халхгол сумын зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагджээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын орлогч дарга, засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тэд төрийн байгууллагууд, иргэдийг дайчлан зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж буй аж.

Цагаан-Үзүүр, Тохой чиглэлд Хилийн цэргийн 329 дүгээр анги 40 км зам гаргаж, 2 айлын хашааг цэвэрлэн, уруудсан 1 айлын малыг буцаажээ. Ялалт багаас сумын төв орох 18 км замын цасыг түрж, 2 айлд очих зам гаргав. Газрын тосны XXI талбайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд 4 айлын хашааны цасыг цэвэрлэлээ.

Халх голын хойд талын төв замыг бүрэн гаргаж, 11 айлыг замаар холбожээ. Төв зам гарсан боловч малчид мал туух, машинаар зорчиход хүндрэлтэй хэвээр байгаа аж. Цасан шуурганаар айлуудын алдсан малыг бартаат замын 5 автомашинтай 20 хүн хайж байна.


