Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБ.Чойжилсүрэнгийн хариуцлагаас зугтах гарц “Давагдашгүй хүчин зүйл”
- 2026/02/26

- 34 цаг 31 минутын өмнө

- 4 мин уншина

Идэр есийн хүйтэн жаварт тог цахилгаангүй зутарч суусан нийслэлчүүдийн дунд эрчим хүчний хязгаарлалтаас үүдэж хохирсон иргэн, аж ахуйн нэгж олон байна. Дулаан, цахилгааны оргил ачааллын үед “Дулааны цахилгаан станц-4″ ТӨХК-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон говь, төв, зүүн аймагт цахилгаан хязгаарласан. Олон удаа гэнэт цахилгаан хязгаарласан нь олон айл, аж ахуйн нэгжийн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эвдэх шалтгаан болсон юм. Эрчим хүчний тухай хуульд “Давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед эрчим хүчний хязгаарлалтыг төлөвлөлтийн дагуу хийнэ” хэмээн заасан байдаг ч цахилгааны хязгаарлалт харамсалтай нь ямар ч төлөвлөлтгүй шахам өрнөсөн нь олон иргэн, аж ахуйн нэгжийг хохироосон билээ.

Эрчим хүч хязгаарласан өдрүүдэд хөргөгч, телевизор зэрэг цахилгаан хэрэгсэл нь шатсан, эвдэрсэн эсвэл цахилгааны хэлбэлзлээс үүдэж гал алдаж орон гэр нь шатсан иргэд ч байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахилгааны хэрэглээ өндөртэй техник хэрэгсэл нь шатсанаас эхлээд шугам хоолой хагарсан гэмтсэн гээд тоочиж барахгүй их хэмжээний хохирол гэнэтийн тог хязгаарлалтаас үүдэж үүссэн нь бодитой үнэн.

Одоогоор хохирсон иргэдийн гомдлыг аль ч байгууллага нэгтгэж, нийтэд мэдээлээгүй байгаа юм. Шалтгаан нь галын дүгнэлт гаргахаас эхлээд хохирлын шалтгааныг тогтоохын тулд цаг хугацаа шаардагддаг гэсэн тайлбартай. Гэхдээ нөгөө талаас нь анзаарвал цахилгаан түгээхийн төлөвлөгөөгүй хязгаарлалтаас болж гарсан хохирлыг нэгтгэн дүгнэх нь мэдээж цахилгаан түгээх компаниудад дааж давшгүй өр төлбөр үүсгэх эрсдэлтэй учраас тог хязгаарлалтаас болж хохирсон иргэд аж ахуйн нэгжийн хохирлыг нэгтгэн дүгнэх нь үндсэндээ тэдэнд ашиггүй гэж дүгэнэхэд хол зөрөхгүй болов уу.

Уг нь цахилгаан, дулаан авч байгаа хэрэглэгчдийн хувьд цахилгаан түгээхтэй гэрээ байгуулж, үйлчилгээ авдаг. Гэрээгээр гэнэт эрчим хүч хязгаарласнаас болж, цахилгаан хэрэгсэл эвдэрч, гэмтсэн тохиолдолд хохирлоо цахилгаан түгээх компаниас гаргуулах заалт бий. Мянгуужингийн үлгэр мэт явдал чирэгдэлтэйгээр дүгнэлт гаргуулж, хохирлоо нөхөн төлүүлж чадсан аж ахуйн нэгж, иргэн одоогоор байхгүй байгаа юм. Тэгээд ч энэ гэрээний үүргийг цахилгаан түгээх битгий хэл эрчим хүчний салбар дангаараа үүрэхгүй гэдгийг Эрчим хүчний сайд өчигдөр манай редакцад өгсөн ярилцлагадаа тодотгов.

Б.Чойжилсүрэн сайдын хэлж буйгаар цахилгааны гэнэтийн хязгаарлалтууд “давагдашгүй хүчин зүйлээс болж үүссэн” гэсэн. Давагдашгүй хүчин зүйлээс болж хохирол үүссэн бол хохирлыг төлөх заалт хуульд байхгүй хэмээн тэр мэдэгдсэн.

Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжуудад давагдашгүй хүчин зүйл гэж юуг хэлэхийг тодорхойлоогүй байна. Харин давагдашгүй хүчин зүйлсэд байгалийн гамшиг, нийтийг хамарсан цар тахал зэргийг хамааруулж хэрэглэсэн туршлага байгаа юм.

Тэгвэл сарын өмнөх эрчим хүчний хязгаарлалт үнэхээр давагдашгүй хүчин зүйлээс болж үүссэн үү гэдэг нь анхаарал татаж байна.

Улаанбаатар хотын өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүч, дулаан хангамжийн эрэлт хэрэгцээг чинээнд нь тулгах нөхцөл байдал байгалийн гамшгаас болж үүсээгүй. Бас нийтийг хамарсан цар тахлаас ч болж гараагүй гэдгийг сануулъя. Манай улс эрчим хүчний салбартаа нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй 30 гаруй жил болоход цахилгаан, дулаан хангамжийн зөвшөөрлийг төр өгсөөр өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэдгийг бид мартаж болохгүй. Цахилгаан, дулааныхаа эх үүсвэрийг нэмээгүй хэр нь ачааллыг чинээнд нь тулгасан он жилүүдэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг нь дурдалгүй орхиж боломгүй сэдэв билээ. Тухайлбал: УИХ-д 20 жил тасралтгүй сууж байгаа тэрээр 20 жил улсын төсвийг батлалцаж явсан гээд бодохоор эрчим хүчний салбарыг өнөөдрийн нөхцөлд хүргэхэд их, бага хэмжээгээр оролцсон түшээ байсан гэсэн үг. Түүнчлэн түүний “Хурд” группийн барьсан байшин хороолол цахилгаан, дулааны хүрэлцээнээс чамгүй хугасалж буй нь гарцаагүй үнэн.

Ямартай ч Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний хязгаарлалтаас болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүдийг “давагдашгүй хүчин зүйл” гэдэг халхавчаар хохиролтой нь хөсөр хаях төмөр нүүрээ ил гаргалаа.

2022 оноос хойш Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарт 30 жил хийгээгүй ажлыг би ахиулж, өнөөдрийг хүрлээ” гэдэг “бардам ам” -тайгаар 30 хоногийн тайлангаа тавьж сууна. Тэрээр 30 хоногийн хугацаандаа төсөвт 2-3 их наядаар тоологдох хэмжээний тодотгол хийх санал оруулах гарц бодож олсноо зарлав. Мэдээж эрчим хүчний салбарын өнөөдрийн бүх завхралын хариуцлагыг дангаараа үүрээд буух тэнэг толгой Чойжоо шиг туршлагатай улстөрч лав биш.

Эрчим хүчний сайддаа 30 хоногийн боломж олгосон Г.Занданшатар эцэстээ танхимаараа төсвөө задлах Чойжоогийн мэхэнд унаж мэдэхээр болов уу?

- Шинэ
- Хандалттай