Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 3 дугаар тогтоол гаргалаа. Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох энэ тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум, нийт 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийв.
883 мянган хүн бүртгэлтэй хаягаасаа өөр газарт амьдарч буй аж. Тэд тухайн оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж авах эрхтэй. Ийм иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн өрхийн эмнэлэгт шилжүүлж байхаар болжээ. Өрхийн эмнэлгүүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг ЭМДЕГ харьяаллын хүн ам болон хөдөлгөөнт хүн амын бүртгэл, гүйцэтгэлээр нь олгодог болж байна. Ингэснээр хүндээ хүрч үйлчилсэн гүйцэтгэлээр санхүүжилт авах тогтолцоо бүрдэх юм.
Энэ тогтоолын гол шинэчлэл нь архаг өвчнийг хянах, хүн амын дундаж нас, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах, нэг иргэнийг эмчлэх суурь тарифыг нэмэх, өрхийн эмнэлэгт ажиллагсдын урамшууллын систем бий болгосон зэрэг онцлогтой аж. Олон жил ужгирсан архаг өвчтэй хүмүүсийг аймаг, дүүргийн эмнэлэг рүү явуулахгүйгээр өрхийн эмнэлэгт хянадаг болохоор зорьж байна. Үүнийгээ ЭМЯ-ныхан хаалга баригчийн тогтолцоо гэж нэрлэжээ. 2025 онд 6 төрлийн оноштой, архаг өвчтэй 240 мянган иргэн лавлагаа шатны эмнэлэгт хандсан байв. Тэдэнд үзлэг, шинжилгээ хийхэд 3-р шатны эмнэлгүүд ЭМДС-гаас 211.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Энэ хүмүүсийг өрхийн эмнэлэг хяналтдаа авч, тусламж үйлчилгээ үзүүлбэл төлбөрийг нь тухайн эмнэлэгт шилжүүлж байхаар болов. 2024 онд 18 мянга гаруй хүн нас баржээ. Үүн дотор 30-65 насны эрчүүд олон байна. Тиймээс ийм насны эрчүүдийг өрхийн эмнэлгүүд татаж чадвал үйлчилгээний зардлыг нь нэмж олгохоор “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 3 дугаар тогтоолд тусгажээ.

