“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны ажлын тайлангаа өнөөдөр /2026.02.26/ сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу дараах мэдээллийг өгсөн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу:
-“Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрөгч онд 30,3 сая тонн нүүрс борлуулсан байна. Нүүрсний үнэ сүүлийн 6 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрч, 2025 оны 5, 6-р сард 2 дахин буурсан. Тус компани 2023 онд 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2024 онд 3,6 их наяд, 2025 онд нүүрсний үнийн уналт болон бусад шалтгааны улмаас ашиг багасаж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Цэвэр ашгийг хуваарилах боломжгүй. Төр тэдэн хувийг, хувийн хэвшил тэдэн хувийг гэдэг зүйл компанийн хууль тогтоомжид байх боломжгүй. Компани сүүлийн 3 жилд дунджаар 1 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан. 2022 онд жилдээ 10 сая тонн нүүрс олборлодог байсан бол сүүлийн 3 жилд тогтвортойгоор 30 сая тонн нүүрс олборлодог болж, хүчин чадал 3 дахин өслөө.
Мөн 2023 оны 12-р сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлсэн. 1072 хувьцаатай байсан 121,000 орчим иргэн нас барсан статистик мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд 4 удаа ногдол ашиг тараахад, эдгээр иргэнд ногдол ашиг очоогүй. Яагаад гэвэл өвлөх эрхийг нь нээгээгүй байсан. Харин 2024 оны 10-р тогтоолоор энэ хувьцааг нээлттэй хувьцаанд бүртгэх шийдвэр гарсан учир өвлүүлэх эрхийг нээхээр ажиллаж байна.



