horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Зөвшөөрлийг хялбарчлах нэрийн дор стандарт алдагдах эрсдэл үүсэж магадгүйг бизнес эрхлэгчид анхаарууллаа

post-img

Зөвшөөрлийг чирэгдэлгүй болгох хуулийн төслийн хэлэлцүүлэг салбар салбарын хүрээнд өрнөсөөр байна. Өчигдөр боловсролын салбарт олгодог тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцүүлж 26 төрлийн шалгууртай зөвшөөрлийг 6 төрлийн шалгууртай болгох санал гарсан. Харин өнөөдөр хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хэрхэн цөөлөх чиглэлээр хүнсний салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид зөвлөлдлөө.

Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс зөвшөөрлийг цахимаар олгох нь хэдийгээр хүнд суртлыг халж байгаа боловч цахим зөвшөөрлийн өмнө бүрдүүлэх ёстой шалгуурууд ч төвөг чирэгдэл учруулдаг болохыг ярьж байна. Хүнсний жижигхэн дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг авахын тулд галын дүгнэлт, хогны зөвшөөрөл, камерын дүгнэлт, дүүргээсээ үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авсан байх шаардлагатай болдог. Гэвч дээрх зөвшөөрлүүдийг бүрдүүлэхийн тулд үйлчилгээ эрхлэгчдийн шандас сорьсон процесс өрнөдөг байна. Цахимаар бүртгүүлэхийн өмнөх процесст заавал хүний буюу төрийн албан хаагчийн оролцоо шаардлагатай учраас халах гээд байгаа хүнд суртал нь бүрэн халагдахгүй үлдэх эрсдэл буйг санууллаа. Жишээ нь камерын дүгнэлт авахын тулд эхлээд нийслэлийн цагдаад хүсэлт илгээнэ, тэр хүсэлт дүүргээр дамжиж, хорооны цагдаад очсоны дараа хорооны цагдаа биечлэн ирж шалгалт хийн дүгнэлтээ гаргадаг байна. Шат дамжлага бүрт хянагдаж байна гэсэн хугацаагүй урт хүлээлт үүсгэдэг гэнэ. Түүнчлэн зөвшөөрөл олгох үйлчилгээг хариуцаж байгаа төрийн албан хаагчийн ажилд хяналт тавьж хариуцлага ярихгүй бол зөвшөөрөл хүссэн иргэдийг чирэгдүүлсээр явдаг ужгирсан тогтолцоо арилахгүй гэсэн санал ч хэлэлцүүлгийн үеэр гарч байсан юм.

Нөгөө талаар бизнес эрхлэгчдэд зөвшөөрөл авахын төлөөх чирэгдлийг бууруулах нэрийн дор үйлдвэрлэл, үйлчилгээний наад захын зайлшгүй стандарт алдагдах эрсдэл байгааг мартаж болохгүй. Тодруулбал хэрэглэгчдийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах эрх, стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах эрх зөвшөөрлийг хөнгөвчлөх явцад алдагдах эрсдэл үүсэж магадгүй талаар ч бизнес эрхлэгчдийн төлөөллөөс ярилаа. Тиймээс зайлшгүй хангах ёстой стандартыг мөрдөж чадсан иргэн аж ахуйн нэгжид олгох зөвшөөрөл хялбар байх ёстой талаар хэлэлцүүлгийн үеэр санал нэгдэж байсныг дурдах хэрэгтэй.

Одоогийн байдлаар зөвшөөрөл олгохын тулд 20-30 төрлийн шаардлага тавьж, сунжируулдаг үйл явцыг өөрчилж, олон төрлийн баримт бичгийн тоог цөөрүүлнэ гэж төлөвлөж байгаа юм. Зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгадаг байдлыг хялбаршуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт шууд сунгах зохицуулалтыг тусгажээ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байсныг 10 жил болгож, энгийн зөвшөөрлийн хугацааг хоёроор нэмэн 5 жил болгон зохицуулах нь дарамтаас ангижруулж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд сурталгүй болгоно гэж тайлбарлаж байгаа юм.

0/1000