Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Сайн” картыг хэрэглээнээс хасахаар болсон. Өөрөөр хэлбэл иргэд түлш худалдан авахдаа зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхийнхээ QR кодыг ашиглах юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.
-Сайн картыг хэрэглээнээс хасаж, Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр түлшээ авахаар болж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Мөн өндөр настнуудын хувьд Хотула аппликейшныг ашиглахад хүндрэлтэй шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулж байна?
-2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс нийслэл хотод сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр борлуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан “Хотула” аппликейшнийг нэвтрүүлж, Сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодоор түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Харин ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс Сайн картыг хэрэглээнээс хасаж байгаа. Өндөр настнууд болон Хотула аппликейшнийг ашиглах боломжгүй хүмүүс иргэний үнэмлэхийнхээ QR кодыг ашиглан түлшээ худалдан авах боломжтой.
-Сайн картаар хэчнээн өрх түлш авч байсан бэ. Энэ картыг хэрэглээнээс халах нь зөв үү?
-Нийслэлийн хэмжээнд сайн картаар 260 мянга гаруй өрх түлш авч байсан. Гэтэл бүртгэлтэй 172 мянган айл өрх бий. 100 мянга орчим хийсвэр хэрэглэгч байна гэсэн үг. Тэгэхээр 7 хоногт 7 шуудай зарчмынхаа дагуу өрхийнхөө системтэй холбоод, тухайн өрхийн гишүүдийг таньж эхэлж байгаа учраас сайн картыг халж болох юм.
-Орон нутгийн харьяатай иргэд, оюутан залуус нийслэл хотод их бий. Тэдний хувьд Хотула аппликейшн дээр бүртгэл үүсгэж болох ч түлш авах боломжгүй. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Түлш авах түр оршин суугчдыг бүртгэж байгаа. Хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт аваад Тавантолгой түлш компанийн хэрэглэгчийн төвд хандаж болно. Мөн цахим хуудас руу чат бичиж, эрхээ авч болно. Ингэснээр тухайн иргэн 7 шуудай түлшээ асуудалгүй авах боломж бүрдэх юм.
-Тэгвэл гэр бүл салсан тохиолдолд хэрхэх вэ?
-Хотула апп дээр өөрийн гэр бүлийн гишүүдээ бүртгэж болно. Тэгэхээр насанд хүрсэн бүх гишүүн тухайн өрхийнхөө 7 шуудай түлшийг авах боломжтой. Хэрэв гэр бүл салсан бол хорооноосоо тодорхойлолт авна. Ингэснээр 2-лаа 7, 7 шуудай түлшээ авна.
-Нэмэлт мэдээлэл байвал бидэнд өгөөч?
-Нийслэл хотын хэмжээнд өнгөрөгч намраас эхлэн сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг худалдаанд гаргасан. Үүний үр дүнд утаа 34 хувиар буурсан. Түүнээс гадна энэ жилийн галлагааны улиралд 2000 айлд хийн дулаан суурилуулсан. Ирэх жил ч энэ ажил хийгдэнэ. Мөн гэртээ дулаалга хийсэн айл өрх байвал Нийслэлээс нэг удаа хийн зуух үнэ төлбөргүй суурилуулж өгнө. Энэ нь мэдээж утааны эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын нэг юм.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


