Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ. Тус үзэсгэлэнг Монголын үндэсний музейд 3-р сарын 1-15-нд олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй А. Амарын эд өлөг, баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс уг үзэсгэлэнд дэлгэх юм.
А.Амар 1886 онд Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрээр:
- 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд,
- 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч,
- 1928-1930, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайд,
- 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга,
- 1932-1936 онд Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.


