Английн нийслэл Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг ирэх сарын 27-нд болох юм. Энэ өдөрлөгөөр Монголын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлалын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой аж.
Эл өдөрлөгийг зохион байгуулснаар гадаад хөрөнгө оруулалтыг нэмэх, экспортын гэрээ байгуулах, брэндийн үнэ цэнийг өсгөх, олон улсын компаниудтай хэлэлцээр хийх боломжтойг зохион байгуулагчид нь онцлов. “Монгол тэмээний өдөрлөг”-өөр үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаанаас гадна хөрөнгө оруулалт татах уулзалт, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний экспортлох хэлэлцүүлэг, уламжлалт монгол хоол, ингэний сүүний амталгаа, морин хуур, хөөмий, үндэсний урлагийн тоглолт хийхээр төлөвлөжээ.


