“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий талбайд “Президент спорт цогцолбор” соёл амралтын бүс байгуулна. Тус цогцолбор 58 мянган м2 талбайтай байна. Энд 20-иод нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах боломжтой аж. Спорт цогцолбор барих санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэн, олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцох тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөл сайжирна гэж үзэж байгаа юм байна.
“Президент спорт цогцолбор” нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх багтаамжтай. Энэ нь өдөрт 4500-6000 хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх боломжтой юм.
Спорт цогцолбор барих төслийг Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын хоорондын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.



