Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарыг үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан, манай улсын эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдах өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн журмаар нийлүүлэх боломж бүрджээ.

“Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдах эрсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэхгүй байх эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт, таталтын эсрэг эмийг ч нэгдсэн журмаар худалдан авах эмийн жагсаалтад орууллаа.

