horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“1000 эмэгтэйн амьдрал” хэлэлцүүлэг боллоо

post-img

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү?” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд өрнөж байна. Уг хэлэлцүүлэгт салбар салбарт хөдөлмөр эрхэлж яваа 1000 эмэгтэйн төлөөлөл оролцож байгаа юм. Хэлэлцүүлгээр нийгэмд суусан эмэгтэйчүүдийг дорд үзсэн уламжлалт ойлголтыг хэрхэн өөрчлөх талаар санал өрнүүлж байна. Монголчуудын хувьд зүйр үгээсээ эхлээд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэх хандлагын талаар илтгэгчид жишээ тайлбартайгаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол улсын боловсролын систем хүүхдүүдэд багаас нь эрэгтэй хүйсийг давуу мэтээр ойлгуулах сургалт ордог талаар ярьсан юм. Жишээ дурдахад Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт “Элээ муу ч мэлхийдээ зөв, эр муу ч эмдээ зөв”, “эм хүнтэй хэлэлцдэггүй гүү мориор уралддаггүй”, “эр муу боловч эмийн дээр, эмээл муу боловч морин дээр”, “эрийн сайн гэрийн гадаа, эхнэрийн сайн гэрийн дотор”, “эзэн муутын хороо хүйтэн, ээж муутын хоол хүйтэн” зэрэг хуучны зүйр үгс орсон байгаа нь сурагчдад жендэрийн хэвшмэл ойлголт өгөх үр дагавартай талаар ч онцолж байлаа.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өсгөхгүй байгаад хэвлэл мэдээллийн салбарынхны хандлага нөлөөлж байгааг судлаач Д.Тунгалаг дурдсан юм. Түүний тавьсан илтгэлд сар шинийн үеэр хэвлэл мэдээллийн 10 сайтын хамтран бэлтгэсэн “Эв эе” контентыг нэрлэж, уг нэвтрүүлэгч орсон 20 зочны гурваас бусад нь эрэгтэй зочин байсан тухай онцоллоо. Нэвтрүүлгийн зочид хүйсийн хувьд тэнцвэргүй байх нь иргэдэд эрэгтэй хүмүүс чухал сэдвийг ярих ёстой мэт нөлөөллийг үүсгэх эрсдэлтэй хэмээн тодотгосон юм.

0/1000