2025 оноос эхэлж төрийн албаны бичиг хэрэг үндэсний бичгээр давхар хөтөлж явах хууль мөрдөгдөж эхэлсэн. Гэвч бүх нийтийн үндэсний бичгийн боловсрол хангалтгүй байгаагаас энэ хуулийн биелэлт төдийлөн сайн хангагдахгүй байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангиас эхлэн үндэсний бичгийн хичээл орж эхэлдэг. Үндэсний бичгийн хичээлийг 3 жил судалсан 9-р ангийнхнаас үндэсний бичгийн шалгалт, минутад хэдэн үг уншиж байгааг жил бүр хянадаг. Тэгвэл Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын үндэсний бичгийн минутын уншлагын шалгалтын дүнгээс харахад үндэсний бичгийн сургалт хангалттай түвшинд олгогдохгүй байгааг харж болохоор байна.
Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас үндэсний бичгийн унших чадвараараа хамгийн өндөр оноо авсан сургуулиар Шинэ Монгол сургуулийн сурагчид тодорсон байна. Тодруулбал тус сургуулийн 9-р ангийн сурагчдын үндэсний бичгээр минутад унших үгийн дундаж 60 байгаа бол 84-р сургуулийн сурагчдын дундаж уншсан үгийн тоо 57,8 байна. Харин 33-р сургуулийн сурагчид минутад дунджаар 27 үг үндэсний бичгээр унших чадвартай байгаа юм. Баянзүрх дүүрэгт үндэсний бичгээр унших чадвараар хамгийн сул байгаа сургуулийн сурагчид 147, 142-р сургуулийн сурагчид байна. 147-р сургуулийн 9-р ангийн 38 сурагч минутад хэдэн үг уншихаа шалгуулахад дундаж нь 9,7 үг байсан бол 142-р сургуулийн сурагчид минутад 5,8 үг уншсан дундаж үзүүлэлттэй гарчээ.
Бүх нийтээрээ үндэсний бичгийн боловсолыг дэмжих талаар төрийн бодлогын хүрээнд ярьсаар байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг ганцхан дүүргийн сурагчдын унших чадвар харуулж байна.



