Нийслэлийн засаг дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар:
-Та Э.Бат-Амгалан сайдын эсрэг гүтгэлэг гаргасан юм уу?
-Би “Шинжан шимфан” гэдэг компанийг дээрэмдэх ажил хийгээгүй. 2-рт, би “Зэс-Эрдэнийн хувь” компаниас 60 тэрбум төгрөг хулгайлах ажил хийгээгүй. Хохирогчид нь өөрсдөө хэвлэлд хандаж байгааг харсан. “Зэс-Эрдэнийн хувь” компанийн хэрэгт намайг оролцоотой мэтээр Э.Бат-Амгалангийн хэвлэлийн алба, БЗД-ийн хороодын шэйр пост гарч ирэхээр нь “Үүнийгээ боль” гэдэг ганцхан удаагийн жиргээ л оруулсан. Гэмт хүн гилбэлздэг гэдэг. Тийм л зүйл ярьж байгаа байх. Надад янз бүрийн зүйл хийгээд явж байх цаг зав байдаггүй. Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав алга.
-Э.Бат-Амгалан сайд нийслэлийн МАН-ын дарга болох туршлага бий гэж гэж бага хурлын үеэр ярьсан.
-Чаддаг юм бол хурлаа хуралдуулаад л, аваач дээ. Өөрийгөө ил хэлсэн л дээ. “Би дарга болмоор байна” гээд. Манай нам чинь дүрэм журамтай. Чадахгүйдээ ингэмээр байна, тэгмээр байна гээд анкет барьж, дарга нарын үүд сахиж суугаад хэрэггүй шүү дээ.
Уг нь бол би нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод 1 жил 10 сар болж байна. Манай намын дүрмээр бол 4 жил энэ ажлыг хийх ёстой. 4 жилийнхээ ойн дээр ажлаа дүгнүүлээд, ажлаа өгөх учиртай.
Хууль дүрмийнхээ дагуу хурлаа зарлуул л даа. Аргаа бараад л намайг хулгай хийсэн болгож, гүтгээд байгаа байх. Тэгвэл хууль хяналтын байгууллагадаа ханд л даа. Энд тэнд гоншгоноод яваад байх хэрэггүй юм байгаа юм. Би өдөр шөнөгүй бүтээн байгуулалтад анхаараад завгүй байна.
-МАН-ын бага хурал дээр зарим гишүүнээ намаас түдгэлзүүлнэ гэж мэдэгдсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Манай нам сүүлд хуралдсан 31-р их хурлаас дүрмээ өөрчилж, шүүхийн шийдвэрээр яллах дүгнэлт гараагүй бол намаас түдгэлзүүлэхгүй гэж өөрчилсөн. Одоогоор бол прокурорын яллах дүгнэлтээр намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг дүрэмд нарийвчилсан зохицуулалт байхгүй.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


