Засгийн газраас “Сенчири 5” бондыг 2026.03.03-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй арилжин, энэ онд төлөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири 2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцааж худалдан авав.
Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг багасгаж, 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил хамтран, Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байгаа юм. Энэ үед Монгол Улс бондоо амжилттай арилжиж, мөс зүслээ гэж Сангийн яам мэдээллээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр үнэлгээ өгч байгаагийн тод илэрхийлэл боллоо гэж ЗГ үзэж байна.
Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжсан улс байгаагүй. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч, зарласан хэмжээнээс 3.2 дахин давжээ. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгаа нь үүнээс харагдлаа гэж СЯ үзэж байгаагаа өнөөдөр ЗГ-т танилцууллаа.

