Дархан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр 1 хүүхэд менингококк халдвараар өвчилжээ. Харин энэ сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол тус тус лабораториор батлагдсан байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдлаа. Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Нярай,бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг байна.
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 38°С-аас дээш халуурах
- Уйламтгай, тайвшрахгүй байх
- Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Нойрмоглох эсвэл сулрах
- Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
- Толгойн зулай товойх (нярайд)
- Гар, хөл хүйтэн болох
- Таталт өгөх
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл
– Яаралтай түргэн тусламж дуудаж,
– Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандахыг санууллаа.

