Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

“Цэцэг зөвхөн ямаанд л хэрэгтэй, хүүхнүүдэд хэрэггүй” гэж нийслэлийн нэг дарга хэлж орхив. Нийтээрээ ямаатай барьцлаа. Хошин шог цаашаа хөвөрч ямаа, цэцэг хоёр хэд хоногтоо л монголчуудыг уйдаасангүй.

Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр цэцэг бэлгэнд авах эмэгтэйчүүдийн эгдүүг харин ч нэг хүргэж орхилоо. Гэхдээ Time.mn энэ удаад ямаанд цэцэг идүүлэх үү, хүүхнүүдэд цэцэг өгөх үү гэдэг тухай биш, тэр хоёрын алинд нь ч өгсөн өнөөх цэцэг хортой юу, эсвэл хоргүй юү гэдгийг онцолж байна.

Манай улс зөвхөн 2026 оны эхний хагаст л гэхэд 1 сая орчим цэцэг гадаадаас оруулж иржээ. Үүнээс үзвэл насанд хүрсэн монгол эмэгтэй бүр бараг 2 сарнайтай байхаар их цэцгэн дунд умбажээ.

ГЕГ-ын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалан “Манай улс 2025 онд нийт 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолж, 4.9 сая ам.долларын гүйлгээ хийсэн. 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 331.7 мянган ам.долларын үнэ бүхий 973.229 ширхэг амьд цэцэг импортолсон байна” гэж мэдээлэв.

Одоогоор бид цэцгийн тариалан эрхэлж, нийтэд худалдаж чадахгүй байна. Бүр ганц ширхгийг ч тарьж чадахгүй суугаа гэхэд буруудахгүй. Ямартаа л Монголд борлуулж байгаа цэцгийн 97.5 хувийг БНХАУ-аас, 2 хувийг Нидерландаас оруулж ирж байхав.

ХЯТАДААС ИМПОРТОЛДОГ АМЬД ЦЭЦЭГ ХОРТОЙ ЮУ?

Амьд цэцэг, чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ тухайн экспортлогч улсаас олгосон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ шаарддаг гэж ГЕГ-ын ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан улсын байцаагч Д.Ганпүрэв хэллээ. Зөвхөн тухайн улсын бичгээр зогсохгүй гаалийн салбар лабораторийн шинжилгээнд заавал хамруулж, шалгалтад тэнцсэн тохиолдолд импортын гэрчилгээ олгон, хилээр нэвтрүүлдэг байна.

Цэцгийн асуудал үүсэн үеэр “Италта” брэндийг үүсгэн байгуулагч С.Алтансүх хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Хүүхнүүдэд өгөх цэцэг хортой гэдгийг тэр барин тавин хэлсэн. “Тэр дундаа Хятадаас оруулж ирсэн амьд цэцэг хортой. Лили (Сараана) цэцэгний бор дохиурт гар хүрвэл хорт хавдар үүсэх эрсдэлтэй” гэв.

Үүнийг ГЕГ-ын ургамлын хорио цээрийн хяналтын байцаагч Д.Ганпүрэв үгүйсгэлээ. “Импортын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичиг. Иргэд цэцэг худалдан авахдаа тухайн дэлгүүрээс гэрчилгээг нь шалгах боломжтой” гэж тэр нэмж хэлсэн.

Албан ёсны хяналт, шинжилгээнд хамрагдсан, стандартын шаардлага хангасан амьд цэцэг хүний биед хортой гэх нотолгоо байхгүй нь. Бэлэглэх цэцгээ баталгаатай газраас гарал үүслийн бичгийг нь шалган худалдан авахад л болох нь.

ЦЭЦГЭЭ ХАДГАЛАХ НЬ ХҮНС ХАДГАЛАХТАЙ АДИЛ

Цэцгийн худалдаа эрхлэгч:

-Бид албан ёсны бичиг баримттай, тогтмол цэцэг нийлүүлдэг байгууллагуудаас цэцгээ татаж авдаг. Тариалангийн талбай, гарал үүслийн мэдээлэл нь тодорхой байдаг.

Цэцгийг удаан хугацаанд шинээр нь хадгалах зорилгоор тусгай уусмал хэрэглэдэг. Жишээлбэл: Хлорын агууламжтай бодис тодорхой тунгаар ашигладаг ч энэ нь хүний биед хор нөлөөгүй. Стандартын дагуу хэрэглэдэг, хүнсний бүтээгдэхүүн хадгалдагтай адил нөхцөлд, 2–8 хэмийн хөргүүрт хадгалснаар цэцэг 7–14 хоног шинээрээ байдаг.

Баталгаатай борлуулагчид ийн бардам байна. Харин хаа сайгүй дэлгэсэн, хаанаас авсан нь тодорхойгүй, гарал үүсэлгүй багдаа цэцгэнд итгэх эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдлээ.

- Шинэ
- Хандалттай