horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Б.Анхбаатар: Өсвөр насныханд зориулсан жүжиг театрт бараг орхигдсон байдаг

post-img

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжиг тоглож эхэллээ. Уг жүжгийг өчигдөр орой нээсэн юм.

Энэ жүжгээр өсвөр насны хүүхэд болон эцэг эхийн хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө, түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлыг хөнджээ.

ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шихова:

Энэ зохиол өсвөр насны хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулсан бүтээл. Өнөөдөр олон гэр бүлд эцэг эх, хүүхдийн хооронд ойлголцол дутмаг байх тохиолдол бий. Тиймээс бид энэ жүжгээр дамжуулан, тэднийг бие биенээ илүү ойлгож, харилцан ярилцаж, эвлэрэхэд нь бага ч гэсэн тус нэмэр болохыг зорьсон. Жүжигчдийн зургийг харж сонгосон. Зургийг нь хараад нүд рүү нь анхааралтай харж, ямар мэдрэмж төрж байгааг мэдрэхийг оролдсон. Миний дотоод мэдрэмжтэй нийцэж байгаа жүжигчдийг сонгосон гэж хэлж болно. Дараа нь бэлтгэл дээр уулзахад сонголт маань зөв байсныг ойлгосон.

“Про” театрын захирал Б.Анхбаатар:

-Танай театр энэ жүжгийг Оросын театртай хамтран найрууллаа. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

Манайх энэ төслөө Оросын театртай хамтран хэрэгжүүлсэн. Төсөл эхлэх үед Оросын 3 найруулагчтай хамтарч, 3 өөр жүжгийг 7 хоног туршиж үзсэн. Үүний дараа бид энэ жүжгийг сонгохоо эцэслэн шийдсэн юм.

-Тэгвэл яагаад энэ жүжгийг сонгосон бэ?

-Бидний хувьд өсвөр насны хүүхдүүдтэй энгийн, ойлгомжтой байдлаар ярилцах боломжтой бүтээл хийхийг хүссэн. Би өмнө нь өсвөр насныханд зориулсан жүжиг үзэж байгаагүй. Хэдийгээр “Өсвөр насныханд зориулсан” гэж байгаа ч яг өсвөр насныхны заримд нь хүүхэлдэйн кино үзээд гарч байгаа юм шиг санагддаг байх. Ер нь театрт өсвөр насныханд зориулсан бүтээл бараг орхигдсон мэт санагдсан. Нэг бол хүүхдийн жүжиг, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан жүжиг байдаг. Тиймээс бид энэ жүжгийг сонгож, өсвөр насныханд зориулахаар шийдсэн.

-Найруулагчийг хэрхэн сонгосон бэ?

-Бид 3 найруулагчийн дундаас сонголтоо хийхдээ нэлээд судалж, хайсан. Сонгосон найруулагч маань бидэнтэй 1 сургууль төгссөн. Гэхдээ арай сүүлд төгссөн хүн. Багшийг нь ч сайн мэднэ. Мундаг уран бүтээлч. Оросын залуу найруулагчдын дунд нэр хүнд нь өсөж яваа, уран бүтээл нь сонирхол татсан учраас сонгосон.

-Жүжигчдийн бүрэлдэхүүний тухайд?

-Манай театрын 4 жүжигчин оролцож байгаа. Мөн жүжигчин Цолмон бий. Тэрбээр Орост сургууль төгссөн. Манай театртай байнгын уран бүтээл дээр хамтарч ажилладаг. Харин “Noubold”-ын хувьд өсвөр насныханд хамгийн ойр уран бүтээлч. Мөн энэ дүрд тохирох ур чадвартай гэж үзсэн. Бид өмнө нь ч холбоотой ажиллаж байсан учраас санал тавихад шууд зөвшөөрсөн. Ингээд ямар нэг саад бэрхшээлгүйгээр жүжиг маань бүтсэн.

-Жүжигтээ өсвөр үеийнхний хэлдэг үг хэллэгийг их ашигласан байна. Мэдээж маш сайн судалсан байх л даа?

-Тийм ээ, маш их судалгаа хийсэн. Зарим үгийг бид өөрсдөө ч шинээр мэдэж авсан. Жишээлбэл: Томчуудын мэдэхгүй үг хэллэгийг хүүхдүүд өргөн хэрэглэдэг юм байна. Тэр нь сар бүр шахуу өөрчлөгдөж байдаг. Саяхан бүр хүүхдүүд бие биедээ лаик илгээхийг “Зайл” гэсэн утгатайгаар хэрэглэдэг гэдгийг нь мэдлээ. Ийм жижиг зүйлсийг аав, ээжүүд анзаарч, хүүхдээ арай өөр өнцгөөс ойлгож харахад, манай жүжиг тус болоосой гэж хүсэж байна. Театрт ирээд хүн бүр өөрт хэрэгтэй, үнэ цэнтэй зүйлээ олж аваасай.

-Үзэгчдэд ямар сэтгэгдэл төрүүлээсэй гэж хүсэж байна вэ?

-Энэ жүжгийг үзээд хүмүүс театрт дахин ирэх хүсэл төрөөсэй. Магадгүй “Түүний буруу” жүжиг өсвөр насныханд илүү нөлөөлж, театрт дурлуулах болов уу гэж найдаж байна.

-Үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Хүүхэдтэйгээ хамт ирж үзээсэй. Жүжиг үзээд, дараа нь хамтдаа хоолонд орж, ярилцаад суувал бидний хийсэн ажлын гол зорилго биелэх байх. Би өөрөө 4 настай хүүхэдтэй. Гэхдээ өсвөр нас гэдэг үе нь тун удахгүй ирэх юм шиг санагддаг. Тэр үед эцэг эхчүүдэд бага ч гэсэн ойлголт өгнө гэж бодож байна.

0/1000
иргэн

өсвөр нас та нарынх шиг тм муухай хар бараан биш. арай арай. үзээд харамссөөн. биднийг ингэж хараад байхда яаху дэ. худ худ