Төрийн 1 ч компанигүй салбар бол аялал жуулчлал. Гэтэл нэрэн дээрээ хувийнх ч нидэр дээрээ төрийнх шахуу нэг байгууллага энэ салбарт бий болсон гэнэ. Энэ талаар “Лэтс трэйвэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “One Mongolia group”-ын захирал С.Амгаланбат “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо улсын төсвөөс жилд ойролцоогоор 20 тэрбум төгрөг авдаг. Уг мөнгөний 10%-ийг энэ холбоо авдаг. Түүнийгээ юунд зарцуулдаг нь тодорхой биш. Хэн ч мэддэггүй.
Энэ холбоо салбараа хөгжүүлэх биш, гадаадад аялдаг хэдэн хүн бий болсон. Аялал жуулчлалынхан салбар дотроо хэрэлдэх үүдийг 1 улстөрч нээсэн” гэж 3-р сарын 6-нд Эдийн засгийн клүбийн сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг 2017 онд Аялал жуулчлалын яамны харьяанд байгуулж, 7 жил ажиллуулаад татан буулгажээ. Тус төвийн гүйцэтгэж байсан эрх үүргийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд шилжүүлсэн аж.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо 2024.10.09-нд “Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний нэгдсэн стратеги” боловсруулахаар “Бостон консалтинг” групптэй гэрээ байгуулахаар тогтож, ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Бостон консалтинг” групп 2024.09.16-нд гуравласан гэрээ байгуулан, гэрээний үнийн 30%-ийг шилжүүлжээ. Үүний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй байхыг ҮАГ-аас анхааруулсан байх юм. Учир нь Засгийн газар 2017 онд 57-р тогтоолоор “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам” баталсан ч зорилтыг нь хуульд нийцүүлээгүй аж. Тиймээс хууль зөрчсөн журмаар гадаадын компанитай гэрээ байгуулах боломжгүй юм байна.
2025 оны улсын төсвийн тухай хуулиар ССАЖЗ-ын сайдын урсгал зардалд “Аялал жуулчлалын хөтөлбөр” хэрэгжүүлэх зориулалтаар нийт 35.3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. Үүнийг юунд хуваарилсныг доорх хүснэгтээс харна уу. Төсвийн тодотгол, салбарын сайдын тушаалаар 2025 оны төсвийн хуваарьт орсон өөрчлөлт болон гүйцэтгэл 2025.10.23-нд дараах байдалтай байна.

“Зардал баталж, эрх шилжүүлэх тухай” ССАЖЗ-ын сайдын 2025 оны А/73 дугаар тушаалын дагуу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоогоор 4 тэрбум төгрөгийн ажил хийлгэхээр 2025.03.07-нд ССАЖЗЯ/25/22 тоот гэрээ байгуулжээ. Энэ мөнгөөр тус холбоо 16 арга хэмжээ зохион байгуулах учиртай. Үүнээс 4 арга хэмжээг нийт 2 тэрбум 190 сая төгрөгийн 13 гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 1 тэрбум 547 сая төгрөг шилжүүлсэн байна.
ҮАГ-ын шалгалтаар илрүүлсэн нэг но бол Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэхдээ худалдан авах ажиллагааг өөрсдийн баталсан “Худалдан авах ажиллагааны журам”-аар явуулдаг аж. Мөнгө нь улсын төсвийнх учраас ингэж болохгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.19 , 9.110 дэх хэсэг, “Төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай ерөнхий гэрээ”-ний 4.111, “Төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний 6.1012 дахь заалтыг энэ нь зөрчиж байгаа аж.

Аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр 2024-2025 онд дотоод, гадаад сурталчилгаа, олон улсын үзэсгэлэн зэрэг 101 арга хэмжээнд нийт 13 тэрбум 276 сая төгрөг зарцуулсан байна.

Энэ бүх гэрээнээс ҮАГ-ын шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга 2024 онд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэхдээ 2.7 тэрбум төгрөгийн 18 тушаал, гэрээг ажил гүйцэтгэсний дараа нөхөж байгуулсан байв.
Ажлаа хийснээс нь хойш 2-5 сарын дараа БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, гэрээг нөхөн байгуулсныг аудитаар илрүүллээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ ирээдүйд чиглэдэг. Гэтэл талууд хийсэн ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан байх юм.

Энэ нь БОАЖЯ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой гэрээ байгуулалгүй ажил хийлгэдэг, гэрээгээ бодитоор дүгнэдэггүй, хянадаггүй байсныг харуулав. Тухайлбал: “Далийн баяр-2024” арга хэмжээний гэрээнд дотоод, гадаадын жуулчны тоог гарган, орон нутгийн иргэдэд хэдэн төгрөгийн орлого оруулсан талаарх судалгаа гаргахаар тусгасан ч уг судалгааг гаргаагүй байлаа. 2025 онд COTTM, SITF олон улсын үзэсгэлэн, Мөсөн сийлбэрчдийн олон улсын уралдааныг үзэгч, сонирхогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэхээр гэрээнд тусгасан ч судалгаа хийгээгүй байв.
Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэж заажээ. Одоо энэ холбооныхон гадаадад очихоороо “Монголын төрийн байгууллага” гэж танилцуулдаг бол Монголдоо “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч” гэж хэлдэг гэнэ. Аялал жуулчлалын бодлогыг төр, хувийн хэвшил хамтарч боловсруулаад, аялал жуулчлалын салбарт улсын төсвөөс зориулж буй мөнгийг төр өөрөө зарцуулж, хянадаг байвал зөв гэж энэ салбарынхан санал болгов. Гэтэл Монголын аялал жуулчлалын салбарт улсын төсвөөс зарцуулах мөнгийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тарааж цацаад байгаа гэнэ.
Уг нь мэргэжлийн холбоог анх аялал жуулчлалын бусад холбоог нэгтгэсэн байгууллага байхаар төлөвлөсөн аж. Гэвч одоо тэр зорилгоосоо хазайж, төрийн нэрийг ашигладаг байгууллага болж хувирсан тухай тэд хэллээ.
Аялал жуулчлалын салбарт 2011 оноос тусгай зөвшөөрөл олгохоо больжээ. Зөвхөн тур аператор, аяллын агент, хөтөч тайлбарлагчийг бүртгэж, гэрчилгээ олгодог болсон байна. Гэрчилгээ нь гадаадын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахад хэрэг болдог аж.
УИХ 2023 онд Аялал жуулчлалын тухай хууль баталж, энэ салбарын аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн холбоо бүртгэх заалт оруулснаар энэ бүхний суурь тавигджээ. Анх мэргэжлийн холбоонд бүртгүүлэхэд 100 мянган төгрөгийн хураамж төлөөд, гэрчилгээ авдаг байсан бол одоо тус холбоо ингэж бүртгэхээ больж, холбоондоо гишүүнээр элсвэл бүртгэдэг болсон байна. Гишүүнээр элсэхэд 1.2 сая төгрөгийн хураамжтай. Энэ хураамжийг төлж, тус холбоонд элсвэл бүртгэн авч, гэрчилгээ өгдөг гэнэ.
Энэ холбоо одоо аймгуудын аялал жуулчлалын холбоог элсүүлэхдээ 1.2 сая төгрөгөө төлж, элссэний дараа уг мөнгөний 600 мянгыг нь буцааж өгнө гэж ярьдаг ч өгдөгүй гэнэ. Энэ тухай аймгуудын аялал жуулчлалын холбооныхон ярих болжээ.
Анх Хуульчдын холбоог дуурайж, аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоо байгуулсан юм байна. Хуулийн салбараас хуулсан дуураймал нь аялал жуулчлалын салбарт таарсангүй. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай гэж салбарынхан нь үзэж байна.

