horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Увсын Нэгдсэн эмнэлэг шинэ өргөтгөлтэй боллоо

post-img

Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2024-2026 онд өргөтгөл барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.

Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэллээ. Тухайлбал: “Siemens” брэндийн 128 зүслэгтэй компьютер томографын аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Орон нутгийн хөгжлийн сангаас 2,4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгчээ.

Эмнэлгийн засаглал менежментийг сайжруулах чиглэлээр төслийн зөвлөх баг болох “Интермед” эмнэлэгт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудыг эмнэлгийн менежмент, чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр танхим болон ажлын байрны сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулсан бөгөөд авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болжээ. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах fire wall төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурилуулсан байна.

Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болох юм байна.

0/1000