Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дагавар хүүхдээ зодож хөнөөсөн, 24 настай Д-д бүх насаар нь хорих ял оноолоо. Эрдэнэбулган сумын иргэн Д 2025 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 3 настай дагавар охин С-г цохиж зодон, амь насанд нь хүрсэн юм. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч нас барсан.
Тус аймгийн Прокурорын газар Д-ын уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүх хэргийг хүлээн авч, 2026.02.04-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийн, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг 2 дугаар сарын 13-нд явуулахаар товлож, оролцогчдод мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдаг. О шүүх хуралд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан аж.
Гэсэн ч талийгаач хүүхдийн эх О шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс улсын яллагч түүнийг шүүх хуралд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан. Иймд хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх уг хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан, бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн гэж Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү мэдээллээ.

