Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

ИЗНН 2 даргатай болов. Маш танил технологи. 2004 онд АН-ын дарга М.Энхсайханыг гадаадад томилолтоор явж байх хойгуур Р.Гончигдорж АН-ын дарга болсон удаатай. Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил өнхөрдөг гэгчээр АН түүнээс хойш дэн дун явсаар одоо л нэг нэгдмэл байдалтай болж байна. АН арайхийж учраа олмор болоод ирмэгц ИЗНН даргын суудлаа булаацалдан, дээр доороо орж эхэллээ.

Харин сая ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намынхаа 26 жилийн ойг тэмдэглэж байх зуур уг ойд уригдаагүй хэсэг гишүүн нь онц их хурал нэрийн дор Б.Батбаатарыг намаасаа хөөж, ИЗНН-ын даргаар Р.Батболдыг сонгов.

Улс төрд нэг намын гаргасан алдааг нөгөө нь давтах хэрэггүй л баймаар. Бэлэн сургамж, бөөн туршлага байхад түүнээс мэдэж, ухаарч, суралцахын оронд яг адилхан туучаад эхлэх юм. Хамгийн сонирхолтой нь ИЗНН-ынхан үүнийгээ өөрсдөө ойлгож байгаа болов уу?

МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогоор намынхаа хуучин дарга С.Оюунд санал тавьсан ч татгалзсан хариу авсан. “ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгдсэнээс хойш энэ асуудал үүссэн” гэж Б.Батбаатар өөрөө өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Угаас алдах юмгүйгээрээ Нара л юу ч алдсангүй

ИЗНН-ын Үндэсний хороо 2024.10.20-нд хуралдаж, намын удирдлагыг шинэчилжээ. Тэргүүн дэд дарга С.Батбаатар, дэд дарга З.Болдбаатар, Д.Нарантуяа-Нара, Ш.Батхишиг, Э.Пүрэвсүрэн, Т.Чинбат, Г.Хажидмаа нарыг чөлөөлж, буцаагаад З.Болдбаатар, Т.Чинбат, С.Батбаатар, Ш.Батхишиг, Г.Хажидмаа нарыг дэд даргаар сонгож, нэмээд Я.Пүрэвгарьд, Д.Дэжидмаа, Б.Нандин-Эрдэнэ нарыг дэд дарга болгожээ. Тэргүүн дэд дарга гэсэн албан тушаалыг байхгүй болгож, 6 дэд даргаа 8 болгосон байна. Тэргүүн дэд дарга С.Батбаатарынхаа албан тушаалыг бууруулж, дэд даргаар тавьжээ.

Д.Нарантуяа-Нара, Э.Пүрэвсүрэн 2-ыг л дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн бол 1 нь тушаал буурсан ч гэлээ албан тушаалтай, бусад нь хуучин албан тушаалтайгаа үлдсэн байна. Үүнээс харвал Д.Нарантуяа-Нара, Э.Пүрэвсүрэн 2-оос салах зорилгоор Б.Батбаатар ийм юм хийсэн бололтой.

Сүүлд нь Д.Дэжидмаагаас татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар дэд даргын албан тушаалаа буцааж авсан бол Г.Хажимаа өөрийн хүсэлтээр намаас гарчээ. З.Болдбаатар төрийн албан хаагч болсон тул хуулийн дагуу чөлөөлөгдсөн аж.

Малчдын холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн 2024 оны УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнийг амлан авч, ИЗНН-аас зүүн аймагт өрсөлдсөн ч сонгогдоогүй. Тус намаас тухайн сонгуульд 5 малчин сойсны 1 нь Э.Пүрэвсүрэн.

Тиймээс тэднийхээр Нара, Б.Батбаатар 2 эвтэй байж болохгүй

Харин 120.5 сая төгрөгийн хандив өргөсөн Д.Нарантуяа-Нара тус намын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон. Гэвч намын даргаа шүүмжлэх болсноор Б.Батбаатар, Нара 2 хонь, чоно болсон юм. Үүнээс улбаалан, Нараг дэд даргын албан тушаалаас буулгасан. Өөрийг нь дэд даргын албан тушаалаас чөлөөлсний дараа Нара “ИЗНН өчигдөр хурлаа хийж, намайг дэд даргын албан тушаалаас буулгасан. Би намдаа 200 орчим сая төгрөгийн хандив өгсөн, УИХ-д 4 суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Гэтэл намайг дэд даргын албан тушаалаас чөлөөлөхийн тулд намынхаа удирдлагын багийг бүхэлд нь чөлөөлөөд, намайг бас нэг хүнтэй үлдээгээд, бусдыг нь буцаан томилсон” хэмээн мэдээлж байлаа.

Б.Батбаатар, Нара 2-ын харилцаа ямар ч супер цавуугаар наахын аргагүй салсан нь үүгээр илэрхий болж, нэг нэгэндээ зориулан хуулийн төсөл санаачлахдаа тулаад байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай Б.Батбаатар, Д.Нарантуяа-Нара гэсэн 2 зохиогчтой 2 төсөл бий болсон.

Гэвч тэдний талцал өөрсдөд нь бас намд нь хохиролтой тусаж, бусдын олз болж байна. ИЗНН-ыг нэр муутай байлгах нь яг өнөөдрийн тухайд эрх баригч намд л ашигтай. Ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад Б.Батбаатар ИЗНН сонгуульд нэр дэвшигчээ сойхоо мэдэгдэж, С.Оюунд санал тавьсан нь МАН-д маш халгаатай зүйл болов. Азаар С.Оюун уг саналыг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдсэн ч бодлоо өөрчлөх хугацаа бас бий.

Энэ хоёр муудалцсан нь МАН-д төдийгүй Ерөнхийлөгчид хүртэл ашигтай тусав

Үүнээс гадна Нара, Б.Батбаатар 2 эвтэй байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх өөр хувилбар бий болох магадлалтай. Магадгүй Нара нэр дэвшвэл яана. Бүдүүлэг, ёс зүйгүй хэмээн олон хүн түүнд дургүй байдаг ч шулуун үгтэй, шударга зантай, үнэнийг ний нуугүй хэлдэг хэмээн түүнийг дэмжигчид мундахгүй. Тэр бол өөр шигээ олон нийтийн төлөөлөл. Улны, гудамжны, хар масс гэж МАН-ынхны нэрлэдэг хэсгийн УИХ дахь төлөөлөл нь тэр. Парламентад оруулсан дэмжигчид нь түүнийг төрийн тэргүүний суудалд ч тухлуулж мэднэ. Тиймээс тэднийхээр Нара, Б.Батбаатар 2 эвтэй байж болохгүй. Нарагаа Б.Батбаатар дэвшүүлэхгүй байвал болоод явчихна.

Энэ хоёр муудалцсан нь МАН-д төдийгүй Ерөнхийлөгчид хүртэл ашигтай тусав. Хэзээ хойно тэдний төслөөс санаа авч, өөр төсөл санаачлан, Б.Батбаатар, Нара хоёрын төсөл дээгүүр даваад, УИХ-д өргөн барьчихлаа. УИХ-ын ёсзүйгүй, авлигач гишүүдийг Ерөнхийлөгч журамд нь оруулах нь гэсэн аятайхан сэтгэгдэл олон нийтэд төрүүлж, өөртөө оноо авч чадлаа. МАН-ын бага хурлын өмнөх өдөр уг төслийнхөө талаар сэтгүүлчдэд танилцуулж, бага хурлын 597 гишүүний амыг үдэж, гарыг хүлэв. Хүч, нөлөөгөө бүгдэд харуулж, 1 сумаар 2 биш, 3 туулай онолоо.

Нара, Б.Батбаатар 2-ын явган хэрүүл явсаар МАН-д маш ашигтай тусаж, Ерөнхийлөгчид бүүр ч их хожоотой байлаа. Б.Батбаатар л хамгийн их алдах шив. Хамгийн олон дэмжигчтэй гишүүнээ алдав. Намынхаа нэрийг шороодов. Өөрийнхөө нэрийг баастав. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм. “Р.Батболд гэдэг нөхрийг 2010, 2011 онд надтай хүн танилцуулсан. Би түүнийг Чингэлтэй дүүргийн намын үүрийн дарга болгосон. Тэгтэл тэр алга болсон. Дараа нь түүнийг барилга дээрээс олж авчран, 2023.12.09-нд намын ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Намаас нэр дэвшигчийн жагсаалт гаргахад 3-т жагсаасан” гэж гоморхоод яана. Угаас алдах юмгүйгээрээ Нара л юу ч алдсангүй.

- Шинэ
- Хандалттай