Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Уг ойн хүрээнд МАН “Ардчиллын өглөө” аян эхлүүлжээ.
Ж.Батмөнх 1974-1984 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Ж.Батмөнх 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн хатуу байр суурь баримталсан нь Ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээн өгсөн байдаг.
Ингээд түүний талаарх дурсамжуудаас хуваалцлаа.
Ж.Батмөнх агсны ач дүү М.Цэнд:
-Ж.Батмөнх ах маань МУИС-ийн захирлаар ажиллаж байсан сэхээтэн, эрдэмтэн хүн байлаа. Хэдийгээр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хэдий ч ахад маань эрх ямбатай зан чанар огт байгаагүй. Би 1989 онд Политехникийн дээд сургууль төгсөөд, тухайн үеийн авто тээврийн 30-р баазад засварчнаар томилогдон ажиллаж байсан үе л дээ. Баянзүрх дүүргийн Чулуун-Овоонд гэр барьж амьдардаг байлаа.
Гэтэл ах маань ажлаа өгснийхөө дараахан хотын баруун захаас зүүн зах хүртэл эхнэртэйгээ манай гэрт троллейбусанд суугаад ирж байсан. А.Даариймаа эгч тэгэхэд “Троллейбус огцом хурдалдаг унаа байна” гэж ярьж байсан. Сүүлд байртай болсных нь дараа ахын гэрт очиход “Байр их хүйтэн байна” гээд өөрөө сантехникийнхээ шугам хоолойг оролдоод л сууж байдаг байлаа. Одоогийнхоор бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй тэнцэх хэмжээний албан тушаал хашдаг байсан хүн шүү дээ.
Дамбадаржаад өөрөө байшин барьж, хашаандаа ногоо тарьж амьдардаг байсан. Байшингаа барьж байхад нь би шавар зуурахад нь тусалж явлаа. 4:6 м хэмжээтэй байшинг өөрөө л барьсан.
Тийм энгийн даруухан хүн байсныг санаж байна. Тийм том төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн гэж итгэмээргүй энгийн даруухан аав, өвөө байж билээ. Манай хүүд их хайртай. Уулзах бүртээ толгойг нь илж эрхлүүлдэг байсан даа.
Ж.Батмөнх сангийн тэргүүн Д.Энхбаатар:
– Монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс төрийн ажлаар гадаад, дотоодын айлчлал, уулзалтад их очдог байсан байх. Ахад бэлэг дурсгалын зүйлс их ирдэг байсан. Тэр бүх бэлгийг он, сар, өдөртэй нь тэмдэглээд, 1 өрөөнд хадгалж ирсэн байдаг. Түүнийгээ Ж.Батмөнх ах төрийн юм гэж хадгалж үлдээсэн түүхтэй. 1990 онд огцорч буусныхаа дараа Засгийн газрын аж ахуйд “Зил-130” автомашины тэвш дүүрэн бэлэг дурсгалын зүйлс хүлээлгэж өгч байсан гэдэг. Хүлээлгэж өгсөн зүйлсийнх нь жагсаалт нь номонд нь орсон байдаг. Жишээ нь 28 ширхэг мөнгөн аяга, 8 ангийн буу гээд их олон зүйл байсныг нь жагсааж бичээд, хүлээлгэж өгсөн юм билээ. Тухайн үеийн хүмүүсийн нэгэн адил эд хөрөнгийн шуналгүй, шударга, зарчимч хүн байсан.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:
-Ж.Батмөнх гуай эгэл хүн байсан шиг байгаа юм. Эгэл гэдэг үг их учиртай. Олон түмнээ сонсож, олон түмнийхээ талд асуудлыг шийдэх гэж хичээдэг байсан хүн юм болов уу гэж би сүүлд нь ойлгож байна. Ойр тойронд нь байсан хүмүүсийн ярьж байгаагаас.
Би өөрөө Ж.Батмөнх гуайтай нүүр тулж уулзаж байгаагүй. Баабар маабар л уулзаж явсан гэдэг юм билээ. Би огт нүүр тулж үзээгүй. Ерөөсөө би гэдэг хүн МАХН-ын удирдлагатай ямар ч харилцаатай байгаагүй. Ардчилсан хүчний тэмцэл дунд хамгийн радикал хүн нь би байлаа.
Одоо сүүлд нь ойлгож байхад тухайн үед Ж.Батмөнх гуай зарлиг гаргаагүй бол яах байсан бол гэж. Хаан шиг зарлиг гаргах эрхтэй байлаа шүү дээ. Тэр хүн үгүй гээгүй бол Хятадын Тианмэний талбай дээр болсон шиг үйл явдал Монголд болох байсан. Тэр бол үнэн шүү.

Ж.Батмөнх агсны бага дүү Ж.Цэрэнхүү :
-Та ахынхаа талаар дурсаж болох уу?
– 1975 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Тухайн үед ах маань Сайд нарын зөвлөлийн дарга байсан. Сургуулиа төгсчихөөд, ромбоо зүүгээд л, байдаг гоё хувцсаа өмсөөд, ах дээр очиж байснаа санаж байна.
Би сургуулиа төгсөөд Төлөвлөгөөний комисст хуваарь авсан байсан юм. Тэгсэн ах “Та бид хоёр шиг хүн Төлөвлөгөөний комисст ажиллахгүй ээ. Тэнд мундаг хүмүүс ажилладаг юм” гэж хэлсэн. Би өөрийгөө их мундаг болчихлоо гэж бодож явсныг хэлэх үү? Ах намайг муу гэж байгаа байхгүй юу. Тухайн үед ахдаа гомдоод Төлөвлөгөөний комисст очоод, хөдөө явахаар болж, хуваариа солиулж байлаа. Монголын хамгийн хүйтэн цэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад эдийн засагчаар очиж байлаа шүү дээ, би.
Манай ангийнхан, манай найз нөхөд тухайн үед гайхаж байсан. Тэнд 1 жил ажиллаад ирэхдээ би ахдаа ард түмний аж амьдралыг ярьж өгч байлаа. Ж.Батмөнх ах маань тийм л шударга хүн байсан.
Би Жамбын хамгийн бага охин. 10-р анги төгсөөд конкурс өгөөд, их сургуульд орно гэж байхад ах намайг үйлдвэрт ажилла гэж хэлж байсан шүү дээ. Их айхтар хүн байсан даа.
-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан одоогийн түшээд бол хангамжтай ажлаа өгдөг. Ж.Батмөнх гуайн амьдралд тийм дэмжлэг огт байгаагүй гэж сонссон?
-Ний нуугүй хэлэхэд ахын маань амьдрал хүнд байсан гэхэд хилсдэхгүй. Тойрон хүрээлэгчид гээд биднийг бүгдийг цагддаг. Харддаг, шалгадаг цаг үе байсан. Хавар огцроод, намар оройн сэрүү орсон үед ч гэрийнх нь шүүгээ савыг лацадчихсан хэвээрээ байсан. Лацдахаас өмнө ах дулаахан, гадуур хувцсаа гаргаагүй байсан юм билээ. Бид аргаа барахдаа аавын хуучин пальтог аваачиж өмсүүлж явсан.
Иймэрхүү нарийн ширийн асуудлыг ард түмэн мэдээгүй байх. Бидэнд л тохиолдож байсан болохоор бусад хүн мэдэх ч аргагүй биз. Бид ч өнөөдрийг хүртэл 30 гаруй жил 1 ч удаа гомдол хэлж явсангүй.
-Ж.Батмөнх гуай их шударга хүн байсан гэдэг. Тэгвэл өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэр зэрэг шударга зөв ажилладаг бол? Та энэ тухай өөрийн байр сууриа илэрхийлж болох уу?
-Радио, телевизээр сонсогдоод байгаа дарга нарын идэж уусан тухай мэдээллийг сонсохоор би гайхдаг. Би өөрөө эдийн засагч хүн. Миний мэдэхгүй тоог ярьж байна шүү дээ. Хэдэн зуун тэрбум гээд л. Энэ бүхнийг харж байгаадаа сэтгэл их харамсдаг.
1990 онд энэ ардчиллыг тайван замаар өгөхийн төлөө Ж.Батмөнх гэж хүн яаж хичээсэн билээ. Гэтэл өнөөдрийн төр засгийн байдал ямар байна. Иргэдийн амьдрал ямар хүнд байгааг бүгдээрээ харж байгаа байх.
Ингэж хэлж болох үгүйг мэдэхгүй юм. Би хааяа Сүхбаатарын талбай дээр гараад орилмоор санагдталаа бачуурдаг. Миний ах та нарт ийм төр хүлээлгэж өгсөн бил үү гэж асуумаар санагддаг. Гэхдээ би тэр хүнийхээ ясыг өндөлзүүлэхгүй юмсан гэсэндээ өөрөө өөртэйгээ ярьж өнөөдрийг хүрч байна.
-Энэ хүн хэтэрхий шударга байсны төлөө ах дүү, ойр тойрны хүмүүс нь хохирч үлдсэн юм биш үү гэдэг гомдол төрж байв уу?
-Дотроо л гомдохоос ил гаргаж байсан зүйл байхгүй. Яагаад гэхээр ах маань биднийг “Байдаг байдаг байрандаа байж бай” гэсэн. Бид яг энэ үгээр нь өнөөдрийг хүрч байна. Ээж, аав маань Долоонбуудалд байсан. Би бас Долоонбуудалд л амьдарч байсан. Ажлаа хийгээд л чимээгүй явж ирлээ. Манай ажлынхан хүртэл намайг Ж.Батмөнх даргын төрсөн дүү гэж мэддэггүй байсан шүү дээ.
-Дурсамжаасаа хуваалцсанд баярлалаа.


