Шадар сайдын 2026 оны 02 дугаар сарын 05-ны 27 дугаар тушаалаар батлуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд онцгой байдлын байгууллага мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн засаг даргын 2026.01.12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026.01.13-ны өдрийн А/08 дугаар “Мөсөн замын тээврийг хориглох тухай”, Ханх сумын засаг даргын 2025.11.04-ний өдрийн А/64 дүгээр “Мөсөн замын тээврийг хориглох тухай” захирамжаар хоригложээ. Үүнийг зөрчиж, мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна.
Он гарсаар тус аймагт өнөөдрийн байдлаар /2026.03.12/ мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар тус аймгийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн
- 37.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх.
- 37.2.3. Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах.
- 37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх гэж тус тус заасан.
Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй осол 3 удаа гарч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, аврах ажиллагааны үед төрийн байгууллага болон дайчлагдан ажилласан иргэнээс гарсан зардлуудыг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн
- 5.13.4 “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.
- 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
- 2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээг ноогдуулдаг заалттай.
Тиймээс иргэд, тээвэрчид та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр, арга хэмжээ болон тэмдэглэлт ой зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.

