“Хөгжлийн банкны” гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, Н.Алтанхуягийг цагаатгасан шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгов. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ийн байр сууриа илэрхийллээ.
АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Монголын шүүхийг хараат бус байлгах зайлшгүй шаардлагатай болжээ. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг нээлттэй цэгцтэй АН-ынхаа дотоод сонгуулийн үйл ажиллагааг шат шатандаа зохион байгуулах үйлсдээ шамдан оролцож завгүй байх үед 13 жилийн өмнөх Засгийн газрын хамтын шийдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон бусад нөхдийг хувь хүний хамааралтай шийдвэр гаргасан мэтээр шийтгэх гэж оролдож, залхаан хохироож, цаашилбал сонгох, сонгогдох эрхэнд нь халдсаар байгааг буруушааж байна. УИХ-ын гишүүний хувьд, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан хүний хувьд шүүхийн хараат бус байдалд хүндэтгэлтэй хандаж ирсэн ч хууль шүүхийн байгууллагад эрх баригчид улс төрийн зорилгоор өөрсдийнхөө нөлөөллийг үзүүлэх оролдлого ажиглагддагийг болж өнгөрсөн үйл явдлуудаас гадарлах юм аа.
Шүүхээр удаа дараа цагаатгаж, цагаатгасан шийдвэрээ яг тэр шүүгчдээрээ буцаалгадаг энэхүү шийдвэрүүдэд гадна дотны тодорхой нөлөө байж болзошгүйгээс үзэхэд, шүүхийн шинэчлэлийг нэн яаралтай хийх шаардлагатай болсон нь тодорхой байна.
АН-ынхныг улс төрийн зорилгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явахад нь хэд хэдээр нь барьж хорьж асан өнгөрсөн цагийн увайгүй үйлдлүүдийг санаж, Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд гээд АН-аас төрөн гарсан төр, нийгмийн олон зүтгэлтнүүд, журмын нөхдөө улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтээс хамгаалах ёстой. Үнэн хэзээд ялдаг нь ертөнцийн хууль. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын ардчилсан эрх зүйт төрд шударга ёс ялна.

