АТГ 2025 оны 7 дугаар сараас “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, МАН-ын гишүүн А.Амундра нарыг шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор А.Амундра Монгол Улсын хилээр гарч, гадаад явсан гэдэг. Үүнийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Би А.Амундратай нийлж бизнес хийсэн ч юм уу, мөнгө төгрөгийн харилцаанд орсон ч юм уу, тийм зүйл байхгүй. Зугтчихсан байгаа. Би лав зугтаа гэж хэлээгүй. Харин ч би авч ирээд яриул гэж хэлээд байна. Яриулъя гэж ярьж байгаа хүн зугтаалгах уу” гэж NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн үеэр баталлаа.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал олон нийтэд ил болсны дараа орлогынх нь эх үүсвэрийг АТГ шалгасан. Уг шалгалтын үеэр АТГ МАН-ын гишүүн А.Амундратай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн сэжүүрээс атгасан байдаг. Ингээд АТГ 2025.07.23-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийж “О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо. “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025.01.12-ны өдөр 150 сая төгрөг, 2025.03.16-нд 80 сая төгрөг, 2025.04.05-нд 70 сая төгрөг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн. 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж мэдээлсэн юм.
Тэрхүү “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нар гэдэг нь Б.Баатар, А.Амундра хоёр юм.

