2024 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ хүрээнд 894 тэрбум төгрөгийн зээл малчдад олгож, 10 мянган хоршоо байгуулагдаж, нийт малчдын 33 хувь нь зээлд хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар 119 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн төлжээ. Одоогоор чанаргүй ангилалд орсон зээл байхгүй гэнэ.
Гэхдээ нийт олгосон зээлийн 20-30 хувийг хоршоогоо хөгжүүлэхэд биш, хэрэглээндээ зарцуулсан байх магадлал бий гэж үзэж байна. Энэ ч үүднээс цаашид “Шинэ хоршоо”-ны санхүүжилтийг үргэлжлүүлж болохгүй хэмээн хойшлуулжээ.
2026 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилтэд нэг ч төгрөг тавиагүй байна. Монголбанкны бодлогын хүүгээс 2 дахин бага хүүтэй дээрх зээлийг цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдүүлэх аж. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд суурилж, зээлийн шалгуурт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа юм.


