horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ковидоос өмнө захиалсан байрны үнийг нэмэх ёстой юу, нэмэх ёсгүй юу?

post-img

Иргэн А 2020 онд “Д” компаниас 1 ам метр талбайг 1.3 сая төгрөгөөр тооцон, байр захиалжээ. Орон сууц ашиглалтад орсны дараа А захиалсан байраа авах гэтэл “Д” компани “Цар тахлын улмаас манай байрны үнэ нийт 24,007,500 төгрөгөөр нэмэгдсэн” гээд мөнгөө нэмж төлөхийг шаардсан байна. Захиалагч анх гэрээгээр тохиролцсон үнээр төлбөрийг төлөх ёстой гэсэн ч “Д” компани цар тахлын улмаас гэрээг өөрчлөгдсөн нөхцөлөөр буюу нэмэгдсэн үнээр байраа зарна гэж маргажээ. Ингээд шүүхдэхдээ хүрчээ.

Тэдний маргааныг Улсын дээд шүүх хянаад, “Гэрээ заавал хэрэгжих зарчмыг гэрээ байгуулагч этгээд заавал дагах үүрэгтэй. Гэхдээ талуудаас үл хамаарах нөхцөл байдал үүссэн нь барилгын материал, ажиллах хүчний үнэд нөлөөлж, барилга барих төсөвт өртөгт өөрчлөлт орж, 1 ам м талбайн үнэ 1,3 сая төгрөг байсан бол 1,504,304.18 төгрөг болж нэмэгдсэн байна.

Энэ тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж буй тал өөрчлөгдсөн нөхцөлд гэрээг нийцүүлэхээр шаардах эрхтэй. Энэ маргааны хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тал нь “Д” компани байна. Хэрвээ захиалагч иргэн өөрчлөгдсөн нөхцөлийг зөвшөөрөөгүй бол талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзэн, гүйцэтгэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Тус хэргийн тухайд … талуудын хэн аль нь гэрээнээс татгалзахгүй, харин үнийн талаарх маргаанаа эцэслэн шийдвэрлүүлнэ гэсэн тул шүүх өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээний үнийн дүнг хэрхэн нийцүүлэх нь шударга болохыг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Компани үнийн дүн нийт 24,007,500 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг ч хэргийн баримтаар дээрх нөхцөл тогтоогдоогүй. Харин 1 ам м талбай 1,504,304.18 төгрөг болж өссөн нь нотлох баримтаар тогтоогдсон.

Зарчмын хувьд талууд эрсдэлийг 50:50 хувиар хариуцвал зохих боловч хэргийн нөхцөл байдал, талуудын эрх зүйн байдлын онцлогоос шалтгаалан, уг харьцааг 20:80 байх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Үүнийгээ УДШ дараах үндэслэлээр тайлбарлав. Үүнд:

(1). Талуудын орон сууц захиалгын гэрээний харилцаанд орсон үндэслэл, статус ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч тал нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, бизнесийн эрсдэлийг зохих түвшинд үнэлж, үйл ажиллагаа явуулж, ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгч. Захиалагч нь энэ төрлийн харилцаанд тогтмол оролцдоггүй, ахуйн буюу хувийн зорилгоор нэг удаагийн чанартай гэрээ байгуулсан, аж ахуй эрхлэгч бус иргэн. Энэ тохиолдолд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийн ихэнх хувийг гүйцэтгэгч хариуцах нь аж ахуйн үйл ажиллагааны зарчимд нийцнэ. (2). Гэрээ байгуулах үед захиалагч гэрээний үнийг 100 хувь урьдчилан төлсөн байна. Гэрээ хугацаандаа хэрэгжиж, гэрээний зүйл эргэлзээгүй бэлэн болно гэх ердийнхөөс өндөр итгэлийг хариуцагч талд хүлээлгэсэн байна. Ингэснээрээ нэхэмжлэгч анхнаасаа илүү өндөр эрсдэлийг өөртөө хүлээсэн гэж үзнэ. Дээрх зарчмын дагуу тооцоход захиалагч А нь нэмэгдсэн үнийн 20 хувь буюу нийт 5,945,459 төгрөгийг гүйцэтгэгч компанид төлөх үүрэгтэй байна.

0/1000