Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газарзүйн 214.805 нэр бүхий “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг УИХ баталсан байдаг. Тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших 8767, Сүхбаатар аймгийн нутагт орших 6941 нэр бий.
Баян-Өлгий аймгийн 12 суманд монголоос өөр хэлээр нэрлэсэн 319 газар, усны нэрийг монгол хэлээр болгох, 47 газрын уламжлалт нэрийг ЗГ шинэчлэх гэж байна. Сүхбаатар аймагт УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 нэртэй газар байгааг 2021-2022 онд газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэхдээ тогтоожээ.
УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор баталсан нийт 214.805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах, иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэрэгт өргөн ашигладаг.
“Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг ЗГ шинэчлэх гэж буй аж. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Н.Учралд өчигдөр /2026.03.17/ өргөн мэдүүлэв. Уг төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй аж. Газар зүйн нэрүүдийг Геодез, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд таниулна. Мөн 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусган, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулахыг Засгийн газарт даалгах юм байна.


