Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ж.Гүррагчаа: Саран дээр хөл тавимаар байна
- 2026/03/23

- -6 цаг -25 минутын өмнө

- 5 мин уншина

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 65, монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисэгч В.А.Жанибеков нар Улаанбаатарын цагаар 1981.03.22-ны 22:59 цагт Байконур дахь Сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн түүхтэй. Тэд “Союз 39” хөлгөө “Салют 6” сансрын станцтай холбож, 7 хоног 20 цаг 42 минутыг сансарт өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд Дэлхийг 124 удаа тойрч, олон туршилт, судалгаа хийгээд 1981.03.30-нд Улаанбаатарын цагаар 09:42 цагт буцаж ирсэн байна.

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Амгалан Дэлхий” ТББ, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Бүтээгч” продакшн хамтран “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт зохион байгуулсан юм.

Энэ үеэр БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал, Чингис хаан одонт Ж.Гүррагчаатай ярилцлаа.

-Танд дахин сансарт нисэх санал ирвэл нисэх үү?

-Сансрын тойрог замд би 8 хоног ажилласан. Миний 80 наснаас 8 хоногийг хасах гээд байна аа даа (инээв).

Сансарт ниссэн 8 хоног бол миний амьдралын хамгийн ачаалалтай 7 хоног байсан. Бидний үйл ажиллагаа, үйл хөдлөл минутаар хэмжигдэх хөтөлбөртэй. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө орос нөхөдтэйгөө хамт зүтгэсэн. Хэдийгээр хүнд хүчир цаг, минутууд байсан ч гэсэн миний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүд байлаа. Монголчуудаа нэгэн зэрэг баярлуулж чадсан гэж боддог. Монгол хүмүүс нийтээрээ баярлах, бахархах сэтгэл дүүрэн байсан цаг хугацаа байсан даа.
-Хэрэв дахин нисвэл та юу хийх вэ?
-Нисгэмээр байна уу? (инээв/). Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Боломж олдвол хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийг л боддог.

Дараагийн нэг сонирхолтой алхам бол Сар. Сарны хөтөлбөрөөр сансарт нисээч гэвэл тэр боломжгүй л дээ. Гэхдээ мөрөөдөж болно. Би тэрэнд оролцоход бэлэн байна.

Дээхнэ үед Зөвлөлтийн сансрын нисэгч найз нөхдөөсөө асууж байлаа. “Чамд ямар хүсэл мөрөөдөл үлдэв ээ? Би бол Сарны хөтөлбөрт оролцмоор байна. Саран дээр хөл тавимаар байна” гэхэд Зөвлөлтийн сансрын нисэгч Николай Рукавишников “Хөөе, би бас тэгж боддог. Тэгэхээр хүн бүхэнд байдаг бодол юм байна” гэж байсан шүү (инээв).

-Хоёр дахь монгол хүнийг сансарт нисгэх талаар яригдаж эхэлсэн. Энэ ажил хэр урагштэй байгаа бол? Энэ нь хэр ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?
-Мэдээж ач холбогдолтой байлгүй яах вэ. Монголын ард түмэнд баярлаж, бахархах сэтгэгдэл төрөх байх. Түрүүчийн хийсэн туршилт, судалгааны ажлуудыг үргэлжлүүлж, үр дүнг нь гаргах байх. Хүн сансарт ниснэ гэдэг зүгээр баяр ёслол төдий зүйл биш. Судалгааны өргөн хүрээтэй ажлууд хийж, үр дүнг нь харна. Тэр үр дүнгээр баярлаж, бахархаж байх ёстой юм.
Дараагийн хүнийг сансарт хөөргөх тухай төр, засгийн түвшинд бодож, ярьж байгаа зүйл бий. Манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Дараагийн монгол хүнийг сансарт нисгэе” гэсэн улс төрийн шийдвэр гарсан гэж бид ойлгодог.
Юуны өмнө хүнээ сонгож авах ёстой. Тэр хүний сансарт хийх судалгааны хөтөлбөрийг бэлэн болгосон байх ёстой. Дадлага, сургуулилалтаа хийгээд, сансарт нисэх ёстой доо.

-Таны сансарт хийсэн туршилтыг сансрын нисэгч М.Ганзориг газарт үргэлжлүүлсэн гэдэг.

-Сансарт хийсэн 32 туршилт, судалгааны ажлыг боловсруулах, ажил хэрэг болгох ажлыг М.Ганзориг Москвад үлдэж, 3 жил хийсэн. Түүгээрээ эрдмийн зэрэг, цол хамгаалсан. Эх орондоо буцаж ирээд, Имформатикийн төв нэртэй хүрээлэн байгуулсан.

(ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон, хамтарсан нислэгийн үеэр хийсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, “Спектр-Мон-83” туршилтад бэлтгэх, зохион явуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн. “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ).

–Та ирээдүйн сансрын нисэгчдэд юу гэж захих вэ?
-Сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойг тэмдэглэж байна. 45 жилийн хугацаанд нийт дүнгээр нь авч үзвэл Дэлхийн сансрын судалгаа өргөн дэлгэр хөгжжээ. Дэлхийн тойрог замд өнөөдөр олон улсын станцууд зогсолтгүй ажиллаж, судалгаа хийсээр байна. Тэнд хэдхэн орны биш, олон улс орон өөрийн хүч боломж, хөрөнгө чинээний хэрээр энэ ажилд оролцож байна. Өөр өөрийн модулийг байгуулсан АНУ, ОХУ, Европын холбоо, Япон зэрэг улс байна. Өөр өөрийн лабораторийг сансарт нэгдсэн журмаар байгуулж, тэндээ ээлжлэн ажиллаж байна. Тиймээс судалгааны үр дүн өдөр бүр, цаг тутамд гарч байгаа.

-Өндөр хөгжилтэй улсууд сансраас илүү дайнд анхаараад байх шиг.
-Хүн төрөлхтөн нэг зүгт харах хамгийн гол чиглүүлэгч нь сансар болох ёстой гэж би боддог. Сансар хүн төрөлхтнийг ямар нэг утгаар нэгтгэж байна. Олон улсын станцууд Дэлхийн тойрог замд ажиллаж байна.

“Дараагийн монгол хүнийг сансарт нисгэе” гэсэн улс төрийн шийдвэр гарсан гэж бид ойлгодог

Гэтэл газар Дэлхий дээр зөрчилдөөн, будилаан үргэлж байна. Том эдийн засагтай улс орнууд бие биедээ хориг саад тавьж, эдийн засгийн болон цэрэг, улс төрийн арга хэмжээ үргэлж явагдаж байна. Энэ хориг хүрэхгүй байгаа газар нь сансрын судалгаа л байна. Сансрын арга хэмжээг аль нэгэн улс орон эсэргүүцэхгүй, хамтарсан судалгааны ажлууд саадгүй үргэлжилж байна.

-Монголын олон мянган залуусаас шилж, шалгаруулсан 4 залуу сансрын нислэгт бэлтгэсэн байдаг. Хэр удаан бэлтгэж сургуулилсан бэ?
-Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгийн бэлтгэлийг бид 3 жил хийсэн. Тэр хугацаанд сансарт монгол хүн нисгэхээр бэлдэж байгааг монголчуудад ярьж, илтгээд байгаагүй юм байна. Би Оддын хотхонд байсан учир улс орондоо болсон үйл явдлыг сайн мэдэхгүй. Гэхдээ сансарт нисэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл сонин хэвлэлд бага байсан юм шиг байдаг. Тэр үеийн нийгэм өөр байж. Өргөн дэлгэр ярихгүй гэсэн төрийн бодлого ч байсан байх.

Одоо бол бүх зүйл ил тод болсон. Хүн сонговол ”Тэр сонгогдлоо”, “Бэлтгэлдээ орлоо” гээд мэдээлээд эхлэх байх аа.

-Таны хүсэж явдаг хүсэл юу вэ?

-Энэ газар Дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүн бүр Дэлхийгээ, цэнхэр гаргаа хайрлах хайрын бүлээн дулаан сэтгэлийг үргэлж өвөртөлж яваасай. Хайрлаж яваасай. Хамгаалж яваасай. Өнгө үзэмжийг нь нэмэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж яваасай.

- Шинэ
- Хандалттай