Нийслэлийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа О.Дулаанжав зөрчил гаргасан жолооч Б.А-ыг Зөрчлийн тухай хуульд зааснаар 400,000 төгрөгөөр торгожээ. Уг мөнгийг Төрийн сангийн дансанд тушаалгалгүй, бэлнээр авсан байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд гарсан аж.
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх О.Дулаанжавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.
Тэрээр үүнийг эсэргүүцэн, давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.18-нд уг хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хязгаарлалгүй бүхэлд нь хянасан байна. Ингээд “Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна,. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэн, гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.

