Тээврийн прокурорын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчдын 2025.10.06-ны шийдвэрийг хянажээ. Дугаарын хязгаарлалт зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр энэ өдөр 579 тээврийн хэрэгслийн эзэмшигчийг газар дээр нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгосон байжээ. Дугаарын хязгаарлалтыг нийслэлийн засаг дарга 2020 онд А/1037 тоот захирамжаар бий болгосон юм.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тогтоосон бүсчлэлээр зөрчил ирүүлж байсан хяналтын камерт системийн алдаа гарсны улмаас 2025.10.06-ны өдөр уг захирамжид заасан бүсчлэлээс гадуур явсан, 1 болон 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг торгосныг уг хяналтаар илрүүллээ. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн хэрэг юм. Тиймээс Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тэдгээр торгуулийг хүчингүй болгуулахаар ТПГ хандаад байна.
Үүнийг шүүх хүлээн авч, прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн, уг торгуулиудыг хүчингүй болгожээ. Ийн ТПГ 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, торгуулийг нь шийтгэлийн сангаас устгуулаад байна.

