Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Задгайд байрлах Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах руу шар усны үер орсон байна. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 3-р сарын 19-ний 20:21 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 53 алба хаагч, 5 автомашинтай очжээ.
Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг насосоор соруулж, гольдрол руу оруулах ажил өнөөдөр ч үргэлжилж байна. “Хово” загварын автомашинаар 18 м³ хайргыг агуулахын зүүн талд дэвсэж, үрийн агуулахаас 6 тэвш улаан буудай ачиж, хуурай газарт шилжүүллээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын нэг айлын хашаа өчигдөр шар усанд автсан байна. Эл дуудлагыг 3-р сарын 22-ны 19:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар анги очжээ. Иргэн А-ийн байшин, гэр, хашаа шар усанд автсан байсан аж. Мотопомпоор 16.2 тонн ус соруулж гадагшлуулав.

