Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт АТГ-д хандах гэж буйгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь групп”-ээс 1.5 сая ам.долларын авлига авсан. Авлига авахад нь хамт байсан хүн энэ мэдээллийг өгсөн” гэсэн гэж ярьсан юм.
Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2026.03.16-нд “Яг хэн энэ мэдээллийг түүнд өгснийг Л.Оюун-Эрдэнэ хэлээгүй. Тэр хүн нэрээ нууцлахыг хүссэн тул хэлэхгүй гэсэн. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй. Ийм хүн байхгүй. Ийм мөнгө байхгүй. Өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ямар санаа зорилгоор ярьсныг мэдэхгүй.
Энэ хүн орох байх газаргүй болсон. Байж сууж чадахаа больж байх шиг байна. Би түүнийг сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй гэж үзэж байна. Өнгөрсөн намар, 09.24-нд би “Лхагвын тойм”-д орохдоо тодорхой асуудлууд ярьсан. Тэр үеэр би Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэхээ больсон гэдгээ хэлсэн. Цуг суугаад ярихаар худлаа ярьдаг. Дотор нь хоёр өөр хүн байх шиг байна. Өөрөө өөртөйгөө зөрчилдсөн. Ийм болсон талаар нь би өмнө нь хэлж байсан” гэж тайлбарласан юм.

