Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т хандаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт “Бодь” групп 1.5 сая ам.долларын хахууль өгсөн гэх мэдээллээ нотлох баримтуудыг хүлээлгэн өглөө. Тэр 894 хуудас нотлох баримтыг дөрвөн бүлэгт хуваан АТГ-т өгч байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
- Бодь грүппийн оффтейк гэрээ
- Нүүрсний сонсгол
- Б.Энхбаярын авлига
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын бусад авлига
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байхад валютын нөөц багассаныг мэдсэн. Шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос ачигдаж байгаа нүүрсний ихэнх нь “Бодь” грүппийн оффтейк гэрээтэй холбоотой байсан. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” дээр онцгой дэглэм тогтоосон. “Бодь” грүппийн төмөр зам барих өртөг 600 сая ам.доллар байж байгаад, үе шаттай нэмэгдэж, 1.3 тэрбум ам.доллар болсон. Хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.
Тиймээс ҮАБЗ-өөр нууц гэрээ хийгээд, тендергүйгээр гэрээ байгуулсан гэсэн хоёр асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан. Гэтэл Г.Ганболд гишүүн ажлаа хийхгүй, алга болсон. Ингээд би Б.Энхбаярыг түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь Б.Энхбаяр Хөгжлийн банкны түр хороог маш сайн ахалсан. Мөн өөрөө шударга ёсны илд бамбай болмоор байна гэсэн байр суурийг надад удаа дараа илэрхийлж байсан. Ингээд УИХ 63 дугаар тогтоол баталж, Б.Энхбаяраар нүүрсний түр хороог ахлуулсан. 9 хоног сонсгол хийхдээ өнөөдрийн энэ баримттай холбоотой нэг ч зүйл яриагүй. “Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой нэг ч зүйл яриагүй. Энэ бол Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн гэдгийг харуулж байгаа юм.
Энэ нь улс төрийн шахалт дарамт байв уу, хувийн ашиг сонирхол байна уу гэдгийг би өөрөөс нь тодруулж байсан. Гэтэл улс төрийн шахалт байхгүй гэж өөрөө хэлсэн. Тэр цагаас хойш бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж, би Б.Энхбаярт итгэхээ больсон. 2024 оны сонгуулийн дараа сайдаар дахин томилоогүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь интернэшнл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад, 500 мянган ам.доллар нэг удаа, 800 мянган ам.доллар нэг удаа, нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан. Энэ асуудлыг гэрчүүд надад баримттай хэлсэн. Тиймээс би АТГ-т гэрчүүдийн нэрийг, баримттай өгч байна.
Мөн Б.Энхбаяр “Бодь” грүпптэй өмнө нь ч маш их холбоотой байсныг нотлох баримтууд гарч ирсэн. Би үүнийг тухайн үед мэдээгүй байсан. Үүнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ томилогдсон цагаас ажиглаж эхэлсэн. Д.Мөнх-Эрдэнэ “Голомт” банканд ажиллаж байсан. Д.Мөнх-Эрдэнийн хамгийн ойрын найз нь Б.Энхбаяр. Энэ нь томилгоогоор нотлогдож байгаа.
Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т очсон цагаасаа “Бодь”-той холбоотой баримтуудыг устгах, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой баримтуудыг хасах, өөрийнхөө хувьцаа эзэмшлээс татгалзах гэх мэт ажлуудыг хийж байгаа. Сүүлд дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаагийн камерын мэдээллүүдийг устгахаар оролдож байгаа гэсэн мэдээллийг би авсан.

Хэрвээ энэ хүнийг яаралтай түдгэлзүүлэхгүй бол нотлох баримтуудыг устгана. “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээ 600 сая ам.доллароос 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж дээр хэлсэн. Анхны гэрээ байгуулагдаад 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” рүү шилжсэн. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад, заримыг нь хүүхдийн парк дээр, заримыг нь олон нийтийн саунд, зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай газруудад гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан. Үүнийг ТУЗ-ийн дарга Мэргэн мэдэж байгаа.
Миний хувьд үүнийг 110 сая ам.доллароор тогтоогүй гэж үзэж байгаа. Үүнээс Т.Аюурсайхан нэг сая ам.доллар авсан. Энэ нотлох баримтын хамт Т.Аюурсайханыг мөн шалгуулахаар өгч байгаа. Удахгүй Б.Ганхуяг гарч ирж бас янз бүрийн мэдэгдлүүд хийх байх. Би эднийг тохироод орчихсон юм байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл хамгийн чухал мэдээллүүдтэй Н.Удаанжаргалыг гадагш нь гаргаад явуулчихсан. Эд нар “Бодь”-ийн гарсан нүүрсний тонн тутмаас тодорхой мөнгөн дүн тохирч, үргэлжлүүлсэн. Багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай. Энэ нь явсаар зөвхөн “Бодь”-ийн нүүрсийг гарга, бусдыг хойш тавь” гэдэг шахалт болж” валютын нөөцөд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Үүнийг АТГ өргөн далайцтай шалгана гэдэгт итгэж байна.
Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар томоохон компаниуд дээр сенсаацыг сенсаацаар дарж, ард нь хахууль авдаг найз нөхдийн, хуульчдын бүлэглэл маягийн зүйл байгуулсан. Мөн “Орано майнинг” компанитай хийсэн хэлэлцээрт ч энэ хуульчид оролцсон. 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн.
Мөн Б.Энхбаяр УИХ-ын Тусгай хяналтын хорооны даргын ажлыг давхар хийж байгаа. Хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв, ҮАБЗ-ийн нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хороог давхар хариуцаад явах нь хуулиар хориотой. Гэтэл Б.Энхбаярт хууль байхгүй, зөвхөн ар тал гэдэг зүйл байна.
Мөн Равдангийн Болд гэж нөхрөөс хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй хүмүүстэй тохиролцож, шинээр баримт бүрдүүлж, худалдаж авсан. Түүнчлэн цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэдэг хүн рүү шилжүүлсэн. Б.Нямжав уяач бол МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар даргын ойрын найз. Нийт тав орчим тэрбум төгрөг аваад мөн тараасан. Энэ баримтыг мөн хавсаргаж байгаа.
Энэ бүх нүүрсний мөнгө орон сууц болсон. Арцатын аманд барьж байгаа, манай нөлөө бүхий улстөрчдийн эзэмшиж байгаа орон сууц. Үүнд Б.Энхбаяр ч мөн хувь эзэмшиж байгаа. Мэдээж нэрээрээ байхгүй.
Мөн “Ланд 300” машин авсан хэрнээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгахгүй, унаад явж байгаа.

