УИХ-ын хаврын чуулган эхлээд 7 хонож байгаа ч үйл ажиллагаа жигдрэх болоогүй бололтой. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг дотоод сонгуультайгаа холбоотойгоор ҮБХ-ы хурлаа хийж байгаа учраас тус намын гишүүдээс төрийн ордонд ирсэнгүй. Харин эрх баригч намын бүлэг хуралдаж хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын 64 гишүүнээс 40 нь оролцсон байна. Тус намын гишүүнчлэлтэй 12 гишүүн УИХ-ын даргыг дагаж БНХАУ-д яваа бол 5 гишүүн өвчтэй, 2 гишүүн хөдөө томилолттой гэнэ. Харин 6 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүлгийн хурлаа тасалсан тухай бүлгийн дарга Ж.Батжаргал мэдэгдээд байна.

Парламентын гишүүд ажилдаа тогтохгүй байгаатай холбоотойгоор чуулганы үйл ажиллагаа ч хуваарийн дагуу өрнөх эсэх нь эргэлзээтэй байна. Мягмар гарагт парламент байнгын хороодоо хуралдуулдаг жишиг бий. Харин энэ удаа 1 ч байнгын хорооны хурлыг тамгын газраас төлөвлөөгүй байгаа юм. Гэхдээ лхагва гарагт 5 байнгын хороогоор 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын үйл ажиллагааны хуваарь өдөр бүр өөрчлөгдөх болсон өнөө үед лхагва гарагийн байнгын хороо ахиад ч өөрчлөгдөж магадлал бий.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулахаас эхлээд хэлэлцэх асуудал уг нь олон байгаа. Харамсалтай нь эрх баригч намын дотоод зодоон хаврын улс төрийн ахин халууруулсан бололтой. УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь бүтэн 7 хоногийг үр бүтээлгүй өнгөрөөлөө.


