horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сүрьеэд сүржигнэх 4 шалтгаан

post-img

СҮРЬЕЭГ УСТГАХЫН ТУЛД ӨВЧТӨНӨӨ ХАЛАМЖЛАХ ХЭРЭГТЭЙ

Баримт 1. Баянзүрх дүүрэгт 7 настай охинтойгоо амьдардаг залуугаас сүрьеэ илэрчээ. Сүрьеэгийн эм уусаар түүнд эмийн гаж нөлөө илэрч эхэлсэн байна. Тиймээс дүүргийнхээ эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэх гэтэл түүнийг хүлээж авах хэн ч олдсонгүй. Тэр сүрьеэ туссанаасаа хойш орлогогүй болсон тул охинтойгоо хамт халамжийн төвд өдөр бүр очиж, хоол иддэг болсон байна.

Тэр сүрьеэгийн эмтэй хамт элэг, ходоод хамгаалах бэлдмэл, В6 аминдэм өдөр бүр уух ёстой ч түүнд эм бэлдмэл авах нь байтугай хоолны мөнгө байхгүй. Түүнийг эдгэртэл ЭМДС-гаас элэг, ходоод хамгаалах бэлдмэл, В6 аминдэм үнэгүй өгөх хэрэгтэй байгаа аж. Мөн эрүүл болж, ажилд ортол нь эсвэл грүппт ортол нь Нийгмийн халамжийн сангаас амжиргааны тэтгэмж олгох шаардлагатай байна. Сүрьеэтэй хүмүүсийн 74 хувь нь амьжиргааны түвшин доогуур гэсэн судалгаа бий.  Үүнээс болоод сүрьеэг ядуусын өвчин гэж эндүүрдэг. Угтаа бол мөнгөтэй хүн ч сүрьеэ тусвал ажилгүй, орлогогүй болж, ядуурах эрсдэл өндөр.

Баримт 2. Дунд сургуулийн сурагч хүү найзуудтайгаа электрон тамхи ам дамжуулан татсаар, сүрьеэгийн халдвар авчээ. Түүнд электрон тамхиар сүрьеэ дамждаг гэж хэн ч хэлж өгөөгүй. Сүрьеэ гэж ямар өвчин байдаг, яаж сэргийлэхийг ч тэр мэддэггүй.

Баримт 3. Сүрьеэтэй эмэгтэй хүүхэд төрүүлж, хүүхэд нь төрмөгцөө эхээсээ уг өвчний халдвар авчээ. Тэр жаахан амьтанд өдөр бүр сүрьеэгийн тариа хийхдээ сувилагч зүрх нь өвдөж, халширдаг болсон байна. Нярай хүүхдийн судсыг нь олж, уян зүү тавина гэдэг сувилагчид амаргүй. Уян зүүг нь хөндөлгүй байлгах гэдэг эхэд нь бэрх. Үүнээс болоод тэр сувилагч уйлж сууна.

Баримт 4. Улаанбаатар хотын нэгэн залуу 2024 онд хөдөө ажиллаж байгаад ханиад хүрч хатгаа авчээ. Түүний дараа бие нь цаанаа л нэг сулбайх, ядрах, шөнө хөлрөх, хааяа ханиах шинж тэмдэг илэрсэн байна. Уурхайн эмчдээ үзүүлэхэд сумын эмч рүү явуулжээ. Сумын эмч түүнд “Зүрх” гэсэн онош тавьж, зүрхний эм бичиж өгөв. Түүнийг нь уугаад байхад л өнөө өвчин эдгэх нь байтугай улам даамжирчээ. Ингээд 2025 оны 2-р сард өөр эмчээс “Сүрьеэ” гэсэн онош сонсов.

Одоо түүний зүрх өвддөг. Буруу оношилж, буруу эм уулгасны уршгаар зүгээр байсан зүрхийг нь өвчтэй болгосон хэмээн тэр сумын эмчид гомдож явдаг.

СҮРЬЕЭТЭЙ ХҮНИЙГ ГАДУУРХВАЛ…  

Баримт 5. “Сүрьеэ туслаа” хэмээн хадам ээж нь тачигнаж ирээд, хүүгээ салгаж аваад явсан тохиолдол Баян-Өлгийд гарчээ. Тэд салахдаа 2 хүүхдээ нэг нэгээр нь авсан байна. “Өвчин, зовлон, бэрхшээлийг хамтдаа туулна. Үхэл биднийг салгатал хамт амьдарна” гэж гэрлэдэг байтал эм уугаад эдгэдэг өвчин тусахад л гэрлэлт нурдаг явдал байсаар байна. Хатуу хадмын гадуурхалтад өртсөн бэр эмээ уугаад эдгэх бол эхийнхээ үгэнд орж, эхнэрээ хаясан нөхөр харин сүрьеэгийн савханцар илрүүлэх шинжилгээ өгөх, савханцраа унтуулах эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй яваа. Тэр өвчилбөл дахиад хэдэн ч хүнд халдвар тараах эрсдэлтэй.

Баримт 6. “Баянгол дүүргийн өрхийн эмнэлэг” Гар” гэж хөөсөн. Сүрьеэтэй хүн эмчилгээ хийгээд 14-21 хоногт халдвар тараахгүй болдгийг эмч хүн байж мэдэхгүй, гадуурхаж байна”, “Сүрьеэ эдгэсэн байхад, бөөрний эмч намайг үзэхээс татгалзсан”, “14:00 цагаас хойш эмнэлгүүд ажилладаггүй”, “Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид очиход “Сүрьеэтэй хүн хүлээж бай” гэж хүлээлгээд, хамгийн сүүлд үздэг”, “Сүрьеэ гэдэг оношоор грүппт ороход 90 хоног зарцуулдаг. Энэ хооронд ажилгүй, орлогогүй болдог” гэж “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох төсөл”-өөс авсан судалгаанд оролцогсод хариулжээ.

2026.03.06-ны байдлаар тус төслийнхөн сүрьеэтэй иргэдээс 3541 дата мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийгээд байна. Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн 2024 оны сүүлчээс олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)  бий болгох бодлогын төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийг  сүрьеэгийн тархалт өндөртэй нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Дархан-Уул аймагт хэрэгжүүлж байна.

Тэд бүгдээрээ ийм ялгаварлан гадуурхалтаас болоод, заавал Сүрьеэгийн диспансерын албанд очдог болжээ. Уг нь сүрьеэтэй гэж гадуурхалгүй, сэтгэл санаагаар унагаахгүй байвал, тухайн хүний дархлаа сайн байж, богино хугацаанд бүрэн эдгэдгийг ОНУХ төслийн эмч нар онцоллоо. Энэ өвчнийг эдгээх бүх хүчин зүйлийн 50% нь өвчтөнөөс өөрөөс нь, 50% нь нийгмээс хамаардаг юм байна.

СЭТГЭЛЗҮЙЧ ОНЦ ЧУХАЛ

Баримт 7. Сонгинохайрхан дүүргийн нэгэн оюутан сүрьеэтэй болсноо мэдээд “Харанхуй нүхэнд унасан мэт” сэтгэгдэл төржээ. Гэтэл өвчнийх нь тухай сонссон эмээ нь түүнийг шууд загнан, элдвээр хэлсэн гэнэ. Ингээд охин сэтгэлээр улам унаж, үхэх тухай бодол ч орж ирсэн байна. Дараа нь эмээтэйгээ хамт сэтгэлзүйчтэй уулзах болоход эмээ нь сэтгэлзүйчийн өрөөнд оролгүй, гадна хэсэг сууж байгаад, охиныг яаруулсаар авч явжээ. Охин дараа нь ээжтэйгээ хамт сэтгэлзүйчтэй уулзаад, эдгэнэ гэдэгтээ итгэлтэй болсон байна.

Сүрьеэ туссанаа мэдээд хүмүүс маш их цочирдож, сэтгэлээр унадаг. Өөрт нь хэцүү байхад ар гэрийнхэн нь нэмж “Чи яахаараа сүрьеэ тусдаг юм бэ. Адгийн өвчин туслаа” гэж дарамталдаг. Үүн дээр нь нийгмээрээ нэмж гадуурхдаг. Сүрьеэгийн диспансерийн эмч нарыг хүртэл бусад эмч нар гадуурхдаг” гэж ОНУХ төслийн эмч нар ярилаа.

Тиймээс сүрьеэ гэдэг онош тавьсан мөчөөс тухайн өвчтөнийг сэтгэлзүйчийн хяналтад оруулах хэрэгтэй байгаа аж. ХӨСҮТ-д сэтгэлзүйч ажилладаг ч бусад дүүрэг, аймгийн эмнэлэг, Сүрьеэгийн диспансерийн албанд сэтгэлзүйч тэр бүр байхгүй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт сэтгэлзүйч 7 хоногт 1 удаа очиж, өвчтөнүүдэд зөвлөгөө өгдөг байжээ. Тэгвэл одоо эдгээр эмнэлэгт сэтгэлзүйч байнга ажилладаг болсон байна. Үүний үр дүн гарч, тус эмнэлгээр үйлчлүүлдэг өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн сайжирчээ.  

СҮРЬЕЭГИЙН САВХАНЦРЫГ ӨВЧИН БОЛГОЛГҮЙ, УНТУУЛЖ БОЛНО

Баримт 8. Улаанбаатар хотын иргэн У 2019 онд сүрьеэгийн шинжилгээнээс зугтжээ. Ээж М нь сүрьеэтэйг эмч илрүүлсэн тул гэрийнх нь бусад гишүүнээс шинжилгээ авсан аж. Тэгэхэд У шинжилгээ өгөлгүй зугтжээ. Ингээд тэр 5 хүүхдийн эх болсон хойноо 2025 онд сүрьеэгээр өвчилжээ. Түүний нөхөр нь архины хамааралтай тул гэртээ бараг байдаггүй. Хааяа согтуу ирээд, зоддог гэнэ.

17 настай ууган охин нь хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд, хадмындаа очжээ. У одоо 2, 4, 6, 8 настай 4 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдарч байна. У барилгын засал чимэглэл хийж, амьдралаа залгуулдаг байсан ч сүрьеэ илэрснээс хойш ажил хийж чадахаа байв. Хүүхдүүдтэйгээ хамт 5-уул сүрьеэгийн эмчилгээгээ тасралтгүй хийлгэх, хүүхдүүдээ асрах гээд тэр түүртэж явна.

Учир нь сүрьеэгийн эмийг өдөр бүр дүүргийнхээ Сүрьеэгийн диспансераас очиж аваад, яг хажууд нь харуулж байгаад уух ёстой. Эмийг нь бөөнд нь өгч явуулбал хүмүүс уухаа мартдаг. Иймд эмчилгээг нь таслахгүйн тулд өдөр бүр Сүрьеэгийн диспансерт ирэхийг шаарддаг. Эмчилгээг 10-14 хоног тасалбал тэр нь мөд эдгэдэггүй, эмэнд дассан сүрьеэ болж хувирах аюултай. Нийт өвчтөний 3% нь эмчилгээг тасалбал хэвийн гэж үздэг бол Улаанбаатар хотод бүртгэлтэй өвчтөнүүдийн 10% нь, эмэнд дассан сүрьеэтэй өвчтөнүүдийн 15-16% нь эмчилгээгээ тасалжээ. Өвчтөнүүд эмчилгээгээ таслах нь нэмэгдэж байгааг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн ерөнхий захирал, ОНУХ төслийн зохицуулагч А.Нямдорж хэллээ.

“Сүрьеэгээ эмчлүүлээгүй 1 өвчтөн жилд 10-15 хүнийг өвчлүүлдэг гэсэн судалгаа бий. 2008 онд жилд 5000 хүн илэрдэг байсан бол 2010 онд 4000 болж цөөрсөн. Одоо 2400. Илрүүлж чадахаа больсон гэж зарим нь харддаг ч үнэндээ эмчилгээ сайжирсан. ДЭМБ-аас зөвлөдөг шинэ техник, технологийг нэвтрүүлсэн. Сүрьеэ туссан хүүхэд, сүрьеэгээр нас барж байгаа хүн цөөрсөн нь үүнийг нотолно” гэж А.Нямдорж ярив.

Сүрьеэтэй гэж шинээр оношлуулсан өвчтөний тоо:

  • 2020 он – 3329 өвчтөн
  • 2021 он – 2364 өвчтөн
  • 2022 он – 2354 өвчтөн  
  • 2023 он – 2357 өвчтөн
  • 2024 он – 2232 өвчтөн

У-гийн хүүхдүүд ээжээсээ сүрьеэгийн халдвар авчээ. Одоохондоо У ганцаараа өвчилсөн, хүүхдүүд нь өвчлөөгүй байгаа юм. Хүүхдүүдийнх нь биед байгаа сүрьеэгийн савханцрыг өвчин болгохгүй, үүрд унтуулахын тулд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа тухай ОНУХ төслийн эмч Б.Цэвэлмаа ярив.

Сүрьеэгийн савханцар илэрсэн ч тэр нь өвчин үүсгээгүй, унтаа байгаа бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийн, савханцрыг үүрд унтуулж болдог юм байна. Манай улс жилд 100-200 хүнд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг байсан бол 2025 онд 1000 хүн болж нэмэгджээ. Энэ бол хүмүүс сүрьеэгийн талаар мэдлэг сайтай болж, өвчлөхгүй байх, урьдчилан сэргийлэхэд анхаардаг болсных юм байна.

ЭЛЭГ, ХОДООД ХАМГААЛАХ ЭМИЙГ ЭМДС-ГААС ОЛГОЁ

У-г эмчилгээгээ таслаад явчих вий гэдэгт эмч нар санаа зовниж байна. Тэгвэл 5 хүний эмчилгээ тасарна. Учир нь У одоо ажилгүй байгаа. Өдөр бүр 4 хүүхдээ дагуулаад эмнэлэг явдаг, өвчтэй хүн ажил хийхэд бэрх. Одоо эднийх хүүхдийн 100 мянга, “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгөөс өөр орлогогүй. 3 хүртэлх настай хүүхэд асардаг эхэд сард 50 мянган төгрөг төрөөс олгодог. Үүн дээр 4 хүүхдийн 400 мянгыг нэмээд, нийт орлого нь 450 мянга. Үүгээр 5 хүн, заримдаа эцэг нь ирвэл 6 хүн бүтэн сар амьдрах ёстой. Гэвч ийм бага мөнгөөр ийм олон хүн амь зуух аргагүй.  

Гэтэл тэр элэг, ходоод хамгаалах эм, витамин В6 байнга уух шаардлагатай. Үүнийг сүрьеэгийн эм шиг үнэгүй өгдөггүй тул өөрөө авах ёстой. “Элэг, ходоод хамгаалах эмийг ЭМД-аар бичиж өгөөч” гэж өвчтөнүүд байнга хүсдэг ч үүнийг ЭМД-аар олгодоггүй. Уг нь сүрьеэтэй өвчтөнүүдийг хурдан эдгээхэд энэ хамгаалах эм, витамин үнэхээр чухал. Тиймээс үүнийг ЭМДС-гаас олгодог болгох хэрэгтэй байгаа” гэж ХӨСҮТ, ОНУХ төслийнхөн дуу нэгтэй хэллээ.

Энэ нь өвчтэй, ажилгүй, нэмэлт орлогогүй хүнд хүнд тусдаг ажээ. Тэгээд л эмийн гаж нөлөө илрэхэд, эсвэл амьдралын эрхээр эмчилгээгээ тасалж, ажил хийдэг. Ингэж эмэнд дассан сүрьеэтэй өвчтөн бий болдог. Үүнээс сэргийлэх, сүрьеэг үүрд устгахын тулд төр бодлогоор өвчтөнүүддээ туслах хэрэгтэй байна.  

Уг нь анх удаа сүрьеэ туссан хүн 14-21 хоног эм уухад л халдвар тараахаа больдог тухай ХӨСҮТ-ийн эмч П.Насанжаргал онцоллоо. Ингээд өдөр бүр эмээ уугаад, ажлаа хийж болно. Манайд ирээд буй 3000 өвчтөний 30-40% нь халдвартай сүрьеэтэй, 60-70% нь халдваргүй сүрьеэтэй. Эмээ ухамсартайгаар уудаг, эдгэх чин эрмэлзэлтэй хүмүүсийг “Заавал өдөр бүр эмнэлэгт ирж, эмээ уу” гэж шаардалгүй, 3-7 хоногийн эмийг нь өгч явуулдаг” гэнэ. Ийм хариуцлагатай хүмүүс хурдан ч эдгэдэг юм байна. Зарим хүн 6 сар болоод эдгэж байхад ийм хариуцлагатай өвчтөн 3 сард эрүүл болдог аж.  

0/1000