УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж, хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх ёстой байсан юм. Нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэдэг шалтгаанаар 60 хоногоор хойшлоод байсан дээрх асуудал ийнхүү ахин 20 хоногоор хойшилж байна.
Хэрэгт холбогдоод байгаа З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан билээ. Гэвч давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд дахин хуралдсан давж заалдах шатны шүүх уг хэргийг ахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.


