Прокурорын байгууллага 3 дугаар сарын 16-23-нд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 222,080 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна. Үүнээс эрх бүхий албан тушаалтан 215,455 буюу 97 хувийг газар дээр нь, 2098 буюу 0.9 хувийг бүртгэж, хялбаршуулсан журмаар торгосон бол 1729 буюу 0.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Эрх бүхий албан тушаалтны хүлээн авахаас татгалзсан 1,582 шийдвэрийг хянаж, 75 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээн, эрх бүхий байгууллагад шийдүүлэхээр шилжүүлсэн байна. Мөн хэрэгсэхгүй болгосон 99 шийдвэрийг хянаж, 6 буюу 6.1 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 2 зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татав. 25 зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 299,6 сая буюу 0.9 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс хамгийн их нь:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 211,305 буюу 95.1 хувийг,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2313 буюу 1.3 хувийг,
- Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1060 буюу 0.5 хувийг,
- Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 1020 буюу 0.5 хувийг эзэлж байна.

