horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

30 цэцэрлэг, 38 сургуульд хогны ухаалаг сав тавиад байна

post-img

Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогны савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогны сав тавина. Өнөөдрийн байдлаар 76 савыг байрлуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогны савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байрлуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэв.

Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-наас төслийн хүрээнд ухаалаг хогны сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюунд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Мөн тус сургуулийн Эко клубийн ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогны савыг ашиглах зааврыг тайлбарлав. Тэрбээр “Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь “Хотула” аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” гэсэн юм.

НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубийн сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.

0/1000