“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөө өглөө хугацаанаасаа өмнө суллагдлаа. Тэрээр ШШГЕГ-ын харьяа Тахирсоёот дахь хорих ангид хоригдож, талбайн туслахаар ажиллаж байв. Нүүрсний гэх хэрэгт холбогдон, ял эдэлсэн түүнийг сахилга баттай хүмүүжиж байсан гэнэ. Б.Ганхуягийг АТГ уг хэрэгт шалгаж байхдаа баривчилж, цагдан хорьсон. Тэрхүү цагдан хоригдсон хугацааг нь шүүх ял эдлэх хугацаан дээр нэмсэн юм. Ингээд хоригдож байхдаа элдэв зөрчил гаргаагүй, сайн хүмүүжсэн гэдэг үндэслэлээр хугацаанаас нь өмнө суллах нөхцөл бүрдсэн гэдэг тайлбарыг ШШГЕГ өглөө.
Түүнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан” хэмээх үндэслэлээр шүүсэн билээ.
Анхан шатны шүүх түүнд 5.9 жил хорих ял оноосон байдаг. Давж заалдах шатны шүүх 2024.09.13-нд түүний биеэр эдлэх ялаас 2 жил хасаж, 3.9 жил болгосон. Нийтийн албанд томилогдох эрхээ 7 жилээр хасуулсныг нь 5 жил болгон, богиносгосон. Мөн түүний 9.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон юм.


