Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБаялгийн санд гараа дүрэхгүй бол эрх баригчдын нойр хүрэхгүй нь
- 2026/03/27

- 39 цаг 54 минутын өмнө

- 3 мин уншина

Газар доороо асар их баялагтай ч ядуурал руу алхам алхмаар гулссаар байгаа Монгол Улс 2024 оноос эхлэн, баялгийн сан үүсгэж, мөнгө хуримтлуулж эхэлсэн. Хоёрхон жил үүсгэсэн хуримтлал руугаа гэхдээ тун удахгүй гар дүрэх нь тодорхой боллоо. Байгалийн баялгийн хувь хишгийг иргэдэд бэлэн мөнгөөр тарааж идсээр байгаа өнөөдрийн тогтолцоог арилгах зорилгоор уг нь Баялгийн сангийн хууль баталж, Ирээдүйн өв санд мөнгө төвлөрүүлж эхэлсэн сайхан түүхтэй. Гэвч энэ түүх 2-3 жил наслах нь тодорхой болж байна.

2024 оноос мөнгө хуримтлуулж эхэлсэн баялгийн санд одоогоор 7,1 их наяд төгрөг цугларчээ. Үүний 6 их наяд нь Ирээдүйн өв санд хадгалагдаж байна. Энэ мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй, үр хойчдоо үлдээнэ хэмээн Баялгийн сангийн хууль баталсан байдаг. Харин одоо эрх баригчид баялгийн сангийн мөнгөө авч хэрэглэх зөвшөөрлийг олон нийтээс авахын тулд ард нийтийн зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Баялгийн санд байгаа 7,1 их наяд төгрөгийг иргэн бүрт хувааж үзвэл 1 иргэнд 175 мянган төгрөг ногдож байгаа. Энэ нь иргэдэд чамлалттай учраас өсгөх шаардлагатай” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн “Баялгийн сангийн мөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх тогтолцоо ч ойлгомжгүй, хүртээмжгүй” гэх зэргээр зовлон тоочиж байгаа юм. Баялгийн сангүй байх үедээ гадаадаас зээл, тусламж авах гарц гаргалгаа эрж хайдаг байсан эрх баригчид өдгөө баялгийн сангийн мөнгийг л хөдөлгөхгүй бол нойр нь хүрэхээ байсныг монголчууд нийтээрээ ажиглаж байна.

Хэрвээ Засгийн газраас санаачилсан ард нийтийн зөвлөлдөх санал хураалтаар баялгийн санд гар хүрэх зөвшөөрөл олдвол 2030 он хүртэл зарцуулахгүй хэмээн хуульчилсан Ирээдүйн өв сангийн хөрөнгө шууд үрэгдэх нь тодорхой боллоо.

Баялгийн санг Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан гэж хуваадаг. Одоогийн байдлаар Хуримтлалын санд 1,1 их наяд, Ирээдүйн өв санд 6 их наяд төгрөг хуримтлагджээ.

Эдгээр санг 7 компани санхүүжүүлдэг. Тодорхой дурдвал “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Цемент шохой” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК зэрэг компани баялгийн санд ашгаасаа хуримтлуулж байна. Гэхдээ “Эрдэнэс Оюутолгой” ХХК 2024 оноос хойш мөнгө өгөөгүй, баялгийн сангийн хуримтлалд хувь нэмэр оруулаагүй байгаа юм.

Баялгийн сангийн хуримтлал уг нь Засгийн газрын зарцуулж байгаа төсвийн дэргэд өчүүхэн бага мөнгө. Гэтэл Засгийн газрын сайд бүр баялгийн сангийн хөрөнгийг зарцуулах төлөвлөгөө хэдийнэ гаргажээ. Сангийн сайд эрчим хүчний салбарт үнэ барьсантай холбоотой үүссэн алдагдлыг баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй бол Тэргүүн шадар сайд нь онц байдлын хууль батлуулж, эдийн засгийн асуудлыг шийднэ хэмээн ярьж явна. Түүнчлэн Хэрэг эрхлэх газар нь хүртэл ипотекийн эх үүсвэр болгох тухай ам ангайх боллоо.

1 зүйлийг тодруулахад Баялгийн санд арай ядан цуглуулж байгаа мөнгөнд шунаж байгаа анхны Засгийн газар Г.Занданшатарынх биш. Баялгийн сангийн сайхан үлгэрийн автор Л.Оюун-Эрдэнийн үеэс л уг мөнгийг зарцуулахаар шүлсээ залгиж эхэлсэн түүхтэй.

Байгалийн баялгийн үр өгөөжөө ирээдүй хойчдоо үлдээх монголчуудын зүүдийг засгийн эрхийг атгасан улстөрчид нь тогтоож үлдээхгүй нь бололтой. Гэхдээ тэдэнд ийм эрх өгөх эсэхээ Монголын ард түмэн ард нийтийн санал асуулгад оролцох оролцоогоороо шийднэ гэдгээ бүү мартаарай.

- Шинэ
- Хандалттай