Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга ашиглахад бэлэн боллоо. Уг барилгыг “М-Си-Эс пропери” ХХК 2025 оны 10-р сараас засаж дуусжээ.
Нийт 884 ам м талбайтай тус лабораторийн барилга оффис, биологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Лабораторийн дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг инженерийн шугам сүлжээний олон системтэй.
Эм шинжлэх лаборатори одоогийн байдлаар жилдээ 2000-2500 дээж шинжилж байгаа. Шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байгаа бол Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл манай улс эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах Үндэсний лавлагаа лабораторитой болж байна.

Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа ба барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер, тавилга, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг ДЭМБ хариуцан зохион байгуулж байгаа юм. Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн багаж тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явуулна.

