Хуваарь ёсоор бол өнөөдөр парламентад суудалтай нам эвслийн бүлгүүд хуралдаж чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Харин өнөөдөр энэ хуваарийг парламентад суудалтай аль ч намууд баримталсангүй. Өглөө эрт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг товлож УИХ-ын даргыг огцруулсан. Гэхдээ шинээр томилох Ерөнхий сайд, УИХ-ын даргыг томилох асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна.
Эрх баригч нам Засгийн газраа огцруулах асуудлаа гэнэтхэн шийдсэн шигээ парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг эвдэж Ерөнхий сайд, УИХ-ын даргыг томилохоор гэнэт оруулж ирэх магадлал бий. Эсвэл аль алийг нь томилохгүй үүрэг гүйцэтгэгчээр нь удааж ч мэднэ.
Сайд даргын суудал сонирхож байгаа олон гишүүнтэй МАН-ын бүлэгтээ гомдогсод үлдээхгүйгээр засгийн газрын кабинетаа бүрдүүлэх нь Н.Учралын хувьд сорилт болж байгаа нь гарцаагүй. Хэрэв олон гомдогсод үлдээвэл түүний засгийн газар Г.Занданшатарын засгийн газар шиг богино настай болох эрсдэлтэй.
Ямартай ч Н.Учралын улс төр хэр сайн өрнөхөөс түүний засгийн газар урт наслах эсэх нь шийдэгдэх нь.


