УИХ өнөөдрийн нэгдсэн чуулганаар Н.Учралыг УИХ-ын даргын балан тушаалаас чөлөөллөө. Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 68% нь Н.Учралыг чөлөөлөхийг дэмжсэн. Энэ талаар тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир чуулганд танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Парламент ахмад, дунд, залуу үеийн хил дээр ажилладаг байгууллага. Өнгөрсөн хугацаанаас харахад МАН УИХ-ын даргын томилгоон дээр тодорхой алдаанууд гаргасан. Д.Амарбаясгалан гэдэг дөнгөж анх сонгогдсон хүнийг дарга болгосноос жил гаруйхан болоод огцорсон. Н.Учрал дарга туршлагатай ч намын дарга энэ дээр суухаар хоёр, гуван алдаа гарсан.
Энэ бүхнээс харахад парламент эрэмбэ, туршлагын газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Парламентыг улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байх үзэл санаа 1992 оны Үндсэн хуульд орсон байсан. Парламентын ардчилалтай бол чөлөөтэй мэтгэлцдэг. Улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаггүй парламент байвал Монгол Улсын шийдвэр гаргалт цэвэр, харилцан хяналттай болох юм. Дараагийн УИХ-ын даргыг сонгохдоо Үндсэн хуулийн арга барилаар явах ёстой.
“МАН-ынхан намын цагаан байрнаасаа парламентын спикерийг томилох ёсгүй” гэдэг дээр та бүхэн нэгдсэн юм байна. Баярлалаа. Одоо УИХ-ын чуулган дээр намын бүлэг бус, 68 гишүүнийхээ гарын үсэгтэйгээр УИХ-ын даргаа оруулж ирдэг бол бүр сайн. Монгол Улсын парламентын ардчилал бүхий Үндсэн хууль дахин сэргэн тогтсон өдөр болж байгаад талархалтай байна.
Гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 80.2 хувийн саналаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө.

